Тэмцээнээр эхэлсэн зөвлөгөөн сургалтаар үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-24 11:59:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Мөрдөн байцаах албаны хурлын танхимд сургалтаар үргэлжилж байна.


Уг сургалт нь энэ сарын 24, 25-нд буюу өнөө маргааш үргэлжлэх бөгөөд лхагва /2019-01-23/ гарагт Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны заланд амжилттай зохион байгуулжээ.


Тэмцээнд 12 багийн 140 гаруй удирдах албан тушаалтан оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомыг цагдаагийн хурандаа Б.Даваажав ахлагчтай 3 дугаар багийн тамирчид гардан авлаа. Дэд байрт цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий ахлагчтай Цагдаагийн ерөнхий газрын 1 дүгээр багийн тамирчид, гутгаар байрт цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал ахлагчтай 4 дүгээр багийн тамирчид тус тус  шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.


"Шилдэг тоглогч"-оор Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа, "Шилдэг довтлогч"-оор Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг, "Шилдэг холбогч"-оор Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар нар шалгарсан байна. 

Холбоотой мэдээ