“Лир ван” хоёр дахь удаагаа орон нутгийн театрын тайзнаас үзэгчдэд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-30 13:25:03

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодын театрынхан жил бүр дэлхийн сонгодгууд болон өөрийн урын сангаас сор болсон бүтээлүүдээ үзэгч түмэндээ өргөн барьдаг уламжлал тогтжээ. Тэр жилдээ "Гэгээн муза" зэрэг томоохон наадмын тэргүүн шагналуудыг түүдэг, түүнийг нь ч Дорнодчууд бид чих тавин хүлээдэг болсон байна.

Тус театрынхан энэ удаад “Лир ван” жүжгээр шинэ оны уран бүтээлийнхээ салхийг хагалав. Уилъям Шекспирийн нэр хүндийг хүн төрөлхтөнд "дархалсан" томоохон бүтээлүүдийнх нь нэг "Лир Ван" жүжиг ийнхүү Дорнодын театрын тайзнаа амиллаа

Олон жил хаан ширээнд сууж, жаргалын дээдийг эдэлсэн Лир ван нас ахиснаа ухаарч улс гүрэн, газар нутаа үр хүүхдүүддээ хуваан өгч, амар жимэр амьдрахыг илүүд үзсэн ч хүсэл нь хүзүүгээр татна. Төрүүлж өсгөсөн Гонерилья, Регана охид нь эрх мэдлийн төлөө хаан эцгээсээ нүүр буруулж, энхрий хайрт бага охин Корделиас өөр хүн дэргэд нь үлдэхгүй. Харанхуйг нэвтлэн гэрэл асахад Корделианы үсэндээ зүүсэн урт улаан бүч тайзны гол хэсэгт дүүжлүүрт өлгөгдсөнийг Лир ван хараад уйлан гашуудна. Эрх ямба, эд хөрөнгө бол мөнхөд орших зүйл биш, хүний ертөнцөд сайхан сэтгэл, үнэнч занг орлох баялаг үгүй гэдгийг энэ хэсэгт өгүүлнэ.

Урвалт шарвалт, ухаангүй эгч дүүсийн зугаа цэнгэл... Энэ бүхнийг үзэн ядавч учраа ололгүй ухаан санаа нь самуурч буй Лир вангийн өмнөөс театрын улаан суудалд заларсан үзэгч бүр сэтгэл нь "өвдөж" байв. Лир ван насны эцэст төрсөн охид байтугай өөртэйгээ эвлэрч чадахаа больж, сэтгэлийн хүнд цохилтод орж ухааран гэмшдэг. Шунахай сувдгаараа нийлсэн том охид нь эцэстээ нэгнээ егүүтгэнэ. Гонерилья охин дүүдээ хор өгч, өөрөө аянганд ниргүүлж буй нь буруу зөвийг бурхан хүртэл дэнсэлдгийг сануулах шиг.  

Хүмүүний сэтгэлийн хар барааныг үзэгдэл бүртээ хөндөн үргэлжлэх жүжгийн төгсгөлд Лир ван оршихуйгаас чөлөөлөгдөн таалал төгсөв. Ингээд л шаналал дуусах нь тэр.

Жүжиг дуусч, үзэгчдийн сэтгэл зүй жүжгийн амьдралаас хөндийрч, гарах хаалга тийш зүтгэх олны дунд эргэн ирлээ. Яг тэр мөчтэй уралдаад хамгийн сайн бүтээсэн дүрийн эзэн хэн байв гэсэн асуулт үзэгч бүрт ургасан биз. Жүжигчний мэргэжил бол яалт ч үгүй нийгмийн толь агаад тухайн нийгмийн амьдралын буурангүй бүхнийг жүжигчид л ил тодоор харуулдаг нь биширмээр. Дуучид "жүжиглэсэн" нь орон нутгийн уран бүтээлчдийн хөрвөх чадварыг бас харуулаад авсан. Тэр дундаас Салбадайн дүр яалт ч үгүй ялгарч, наанаа хөгжөөх боловч цаагуураа үг бүр нь "үнэн" сонсогдох аж. "Салбадай бүр ийм байдаг бол сайхан аа" гэх зүггүй бодол төрж л суусан. Залуу жүжигчин Т.Халиунсор хачирхалтай сонин гэмээр салбадайн огцом хөдөлгөөн дунд хахирган хэрнээ адтай дуу хоолойг тун чадмаг хослуулан илэрхийлж байлаа. Тэрээр дүрээ чадварлаг бүтээжээ. Мөн Эдмондийн дүр. Эдмонд бол Лир вангийн итгэлт шадар Глостерийн нууц хүү. Сүсэг бишрэл, сүү шиг сэтгэл хэрэггүй хэмээн эцэг нэг ахаасаа эрх мэдлийг булаан авна. Тэгэвч бүр цаашлан хаан ширээнд суух хүсэлтэй Эдмонд Лирийн охид Гонерилья, Регана нартай жиг ургуулан, эгч дүүсийн гараар “могой бариулдаг”. Эдмонд хэдий туслах дүр ч гэлээ гол дүрийн жүжигчдийн тоглолтыг өргөж өгчээ. Дорнодын театрын өсөж яваа залуу жүжигчдийн нэг Э.Батболд Эдмондын дүрийг гаргахдаа өөрийн хүсэл шуналын төлөө бусдыг яахаас ч буцахгүй зальтай, хорон санаа, хоёр нүүрийг дүрдээ шингээж чадсаныг онцлууштай.

Манай улсад 1964 онд анх УДЭТ-т тавьж байсан энэхүү жүжиг хоёр дахь удаагаа орон нутгийн театрын тайзнаас үзэгчдэд хүрсэн нь энэ юм. Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид өнгөрсөн онд “Лир ван” жүжгийг тайзнаа амилуулж, “Зүүн бүсийн шилдэг бүтээл” наадмаас гранпри шагнал хүртсэн удаатай. Тиймээс ч Дорнодын театрын тайзнаа тавигдсан “Лир ван” жүжгийн найруулагчаар “Саран хөхөө” театрын дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж ажиллажээ. Зүүн бүсийн театрын хамтын ажиллагаа ийнхүү “Лир ван”-гаар шангаа татсан нь энэ. Цаашид ч томоохон бүтээлүүд дээр хамтран ажиллах төлөвлөгөө бий  гэнэ.


Холбоотой мэдээ