Олон улсын тусгай олимпийн хорооны дээд шагналыг ГССҮТ-д олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-30 14:11:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын тусгай олимпийн хорооны Том Голизано сангийн нэрэмжит "2018 оны Голизано эрүүл мэндийн манлайлагч байгууллага" өргөмжлөлийг ГССҮТ-ийн хамт олонд олгожээ.

Монголын тусгай олимпийн хороо тус төвийг уг шагналд нэр дэвшүүлсэн байна. Энэхүү шагналыг Монголын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайханд гардуулав.

АНУ-ын Вашингтон хотод төвтэй Олон улсын тусгай олимпийн хороо нь нийт 170 гаруй улсад төлөөлөлтэй бөгөөд 5 сая гаруй оюуны бэрхшээлтэй тамирчин хамрагддаг байна. Тус шагнал нь тухайн орондоо оюуны бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээнд хамруулах, тэднийг эмчлэх, шаардлагатай хяналтад оруулахад манлайлан ажилласан байгууллагыг сонгон шагнадаг дээд шагнал аж.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгуур хөдөлгөөний эрхтэний согогоос түгээмэл тохиолддог нь тавхайн эмгэг юм. Олон улсын тусгай олимпийн хороо Тавхайн эмгэг, согогийн үзлэгийг 2002 оноос оюуны бэрхшээлтэй хүмүүст хийж эхэлсэн. Энэхүү үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 50 хувь нь тавхайн ямар нэгэн эмгэг согогтой, 53 хувь нь арьс, хумсны өвчлөлтэй, 21 хувь нь ясны гажигтай, 41 хувь нь хэт том өмсгөлтэй гутал өмсдөг гэсэн үзүүлэлт гарчээ.

Дашрамд дурдахад, ГССҮТ 2018 онд нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын тусгай олимпийн хороотой хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд “Тавхайн эмгэг, согогийн үзлэгийг оюуны бэрхшээлтэй хүмүүст хийх нь" сэдэвт сургалтыг 120 гаруй эмч нарт онол, дадлагатай хослуулан явуулсан бол эмч нарыг дадлагажуулах практик үзлэгийг нийслэлийн 70 дугаар тусгай сургуулийн 100 гаруй хүүхдэд хийжээ.

Холбоотой мэдээ