Ирэх онуудад гарч болох эрсдэлд бэлэн байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-31 13:26:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад төсвийн алдагдал буурч, Засгийн газрын өр багасаж, нүүрсний салбар тэлэх зэрэг нааштай үр дүн гарч буй ч Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл хойшилж байгаа, ирэх онуудад гадаад бондыг эргэн төлөхөд анхаарах шаардлагатай байна.

Энэ талаар өнөөдөр “Блю скай” зочид буудлын хурлын танхимд болсон “Монгол Улсын төсвийн тогтвортой байдал-2018” хэлэлцүүлэг дээр хөндсөн юм. Байгалийн нөөцийн удирдлагын институт болон Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан уг хэлэлцүүлэг дээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал төсөөлж байснаас харьцангуй сайн байгаа ч төсвийг тогтворжуулж, өрийн дарамтыг бууруулахад анхаарах хэрэгтэй байгааг судлаач Н.Дорждарь онцолж байв. Учир нь манай улсад Засгийн газрын өр өндөр, төсвийн орлого уул уурхайн салбараас ихээхэн хамаарсан хэвээр байгаа зэрэг төсвийн тогтвортой байдлын ужиг асуудлууд байсаар байгааг дурдаж байлаа.

Монгол Улс төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулж төсвийн хяналтыг сайжруулахаар ажиллаж байна. Гэхдээ энд уг зөвлөлийн хараат бус байдал, чадавх, ил тод байдал, чиг үүргийг сайжруулах хэрэгтэй байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжид тэмдэглэсэн байв.


Ирэх онд болох улстөрийн ээлжит сонгуультай холбоотойгоор төсвий сахилга батыг хангахад эрсдэл учирч, уул уурхайн болон бусад хөрөнгө оруулалтыг үргээх боломжтойг анхаарах,



Мөн ОУВС-тай анх тохирон баталсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасан автомашин, архи, тамхины онцгой албан татвар, НДШ-ийг нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монгол Улсын хамгийн чухал экспортын бүтээгдэхүүн нүүрс, алт, зэсийн үнэ өнөөдрийн байдлаар олон улсын зах зээлд өндөр хэвээр байна. Гэхдээ хэрэв үнэ ханш буурч унавал эдийн засаг бүхэлдээ хямарч төсвийн орлогын гүйцэтгэл 2013-2016 оных шиг муудах эрсдэлтэйг дурдаж байв. Тиймээс ирэх онуудад гарч болох эрсдлүүдийг тооцож тэдгээрт бэлэн байхыг зөвлөж байлаа. Үүнд:

  • АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны дайн зэрэг гадаад орчны таагүй байдал Монгол Улсад сөргөөр нөлөөлж болзошгүй. Тодруулж хэлбэл, худалдааны дайн нь БНХАУ-ын өсөлтийг сааруулж энэ нь түүхий эдийн үнийг бууруулах байдлаар манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж болно.
  • Ирэх онд болох улстөрийн сонгуультай холбоотойгоор төсвийн сахилга батыг хангахад эрсдэл учирч, уул уурхайн болон бусад хөрөнгө оруулалтыг үргээх талтайг анхаарах,
  • Эдийн засгийн нөхцөл байдал сайн хэвээр үлдсэн ч 2021-2024 онд бондууыг дахин санхүүжүүлэхээс илүүтэйгээр төлж эхлэх учир өрийг бууруулахад анхаарах,
  • Уул уурхайн үйлдвэрлэлээс ихээхэн хамаарч, аймаг орон нутгагт төсвийн орлого тэгш бус байгааг багасгаж, ялангуяа Өмнөговь аймгийн төсөв, түүний зардлын үр ашигт онцгой анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.
  • Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ