Аварга малчин С.Мөнхбаярынх малынхаа үүлдэр угсааг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-04 00:47:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сар шинийн босгонд “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан Бат-Өлзий сумын 2 дугаар багийн малчин С.Мөнхбаярын шагналыг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хотонд нь очиж гардууллаа.

Удам залгасан малч залуу эргэх дөрвөн цагийн улиралд мал сүргээ тогтвортой өсгөж, үүлдэр угсааг нь чанаржуулж, төлөө 100 хувь бойжуулж ирсэн амжилт бүтээлээр арвин байна.

Энэ жил 1436 тооны мал өвөлжүүлж байгаа ба мал сүргээ онд мэнд оруулахын тулд 10 тонн хадлан, 4 тонн хужир шүү, 2 тонн хивиг бэлтгэн нөөцлөжээ. Сүхбаатар аймгийн Уулбаян, Дорноговь аймгийн Айраг сумаас азарган үрээ авчирч, адууныхаа чанарыг сайжруулсан бол Баяд, Үзэмчин үүлдрийн хуцаар хонио, Нарийнтээлийн улаан ухнаар ямаагаа үүлдэр угсааг нь сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлээд байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан сум, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийж байдаг тэргүүний малч гэр бүлд баяр хүргэж, аварга цолыг шат ахиулан авах ерөөлийг ИТХ-ын даргын зүгээс хүргэлээ.

Холбоотой мэдээ