"Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-13 12:08:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав.

Хөтөлбөр нь манай улсын авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна.

Өнөөгийн байдлаар, “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийн төрөл зүйл, “Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16 өвийг бүртгэж батлаад байна. Соёлын биет бус өвийн 60 хувь нь ардын язгуур урлаг, 23 хувь нь гар урлал, 11 хувь нь эх хэл, аман уламжлал, дөрвөн хувь нь үндэсний уламжлалт баяр ёслол, зан үйл, хоёр хувь нь байгаль ертөнц, цаг улиралтай холбоотой ардын амьдрал, ахуйн уламжлалт мэдлэг, арга ухааны ангилалд хамаарч байна. 

Соёлын биет бус өв нь:

-  Эх хэл, аман уламжлал

-  Язгуур урлаг тоглож үзүүлэх, илэрхийлэх хэлбэр /тоглоом наадгай/

-  Уламжлалт гар урлал

-  Зан үйл, ёс заншил, баяр наадам

-  Байгалийн болон сав ертөнцийг танин мэдэх ардын мэдлэг, арга ухаан гэсэн хэлбэрээр илэрнэ гэж үздэг юм.

Мөн хуралдаанаар “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг батлав. Чулуун соёлын өвийг хамгаалах арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна.

Товч мэдээ:

-“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Бодлогын баримт бичиг нь үндсэн нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. Бодлогыг Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе, Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе, Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе гэсэн гурван шаттайгаар 2029 он хүртэл хэрэгжүүлнэ. Ингэснээр энэ салбарын өнөөгийн чадавхи 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолж байна.

-Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.046 хувь байхаар тогтоов.

Холбоотой мэдээ