УИХ-ын даргыг Евразийн орнуудын парламентын спикерүүдийн IV зөвлөлдөх уулзалтад урив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-02-15 17:43:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинийг хүлээн авч уулзав.

Ноён Элчин сайд К.Кобландин УИХ-ын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд, тус улсын парламент Мажилисийн тэргүүн, ноён Нурлан Ныгматулиний мэндчилгээг, энэ оны  есдүгээр сарын 23-24-нд Астанад болох Евразийн орнуудын парламентын спикерүүдийн IV зөвлөлдөх уулзалтад оролцох урилгын хамт гардууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Н.Ныгматулиний баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд, Астанад болох Зөвлөлдөх уулзалтад оролцохдоо баяртай байх болно гэлээ.  

Элчин сайд К.Кобландин хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд амжилттай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, 2018 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв. Тэрбээр хоёр орны эдийн засгийн харилцаанд уул уурхайн салбарын хамтын ажиллагаа ихээхэн түлхэц үзүүлэхийг тэмдэглээд, 2018 оны III сард Астанад болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан, Монголд алт цэвэршүүлэх хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцсоныг дурдаж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.

Түүнчлэн бүс нутгийн “Алтай - Бидний хамтын гэр” төслийн хүрээнд Казахстан, БНХАУ, Монгол, ОХУ хамтран соёл, хүмүүнлэгийн харилцаагаа хөгжүүлэх, улмаар хил орчмын худалдаа, дамжин өнгөрөх тээврийн өргөн боломжийг ашиглахын чухлыг онцолсон юм. Энэ бүс нутгийн төвд Монголын “Цагаан нуур” чөлөөт бүс оршдог нь “Монгол-Орос-Казахстан-Хятад” гэсэн маршрутаар тээвэрлэх тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээврийн томоохон зангилаа болох боломж байгааг тэмдэглэлээ. Энэ хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дэх 300 км авто замыг засаж сайжруулах асуудлыг Оросын талд хамтран тавьж, шийдвэрлүүлэх нь чухал байгаа тул Монголын тал анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна гэв.

Элчин сайд К.Кобландин уулзалтын үеэр Казахстан-Монголын хооронд агаарын тээврийн шууд нислэгтэй болох талаар нэгэнт тохиролцсон асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх, Улаанбаатар дахь Казахстаны Элчин сайдын яамны шинээр баригдах барилгын орох, гарах гарц буюу замын асуудалд учирсан хүндрэлийг шийдэхэд анхаарч өгнө үү гэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдын хөндсөн асуудал, санал хүсэлтэд анхааралтай хандаж, нааштайгаар шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгнө гэлээ.  

Тэрбээр Казахстан Улстай тогтоосон харилцааныхаа цар хүрээг цаашид улам өргөжүүлэх нь манай гадаад бодлогод томоохон байр суурь эзэлдгийг тэмдэглээд, нүүдэлчний соёл, зан заншил, аж төрөх ёс ойролцоо, үндэс угсааны түүхэн хэлхээ холбоотой бидний хувьд харилцаагаа улам гүн гүнзгий, олон талтай болгох шаардлага бий. Алтай язгуурын улс орнуудын холбоо байгуулах, энэ хүрээнд Монгол, Казахстан, Кыргыз, Турк, БНСУ зэрэг орныг оролцуулсан хамтын ажиллагааны шинэ механизм бий болгох ёстой гэж үздэг эрдэмтэн, судлаачид ч байдаг.

Түүнчлэн Казахстаны хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын хөгжил дэвшил, түүний дотор уул уурхайн салбарт олсон ололт, баялгийн хуримтлал, хуваарилалт, дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг зөв, үр дүнтэй ашиглаж байгаа туршлага бидэнд ихээхэн үнэ цэнэтэй.

Энэ бол манай хоёр орны харилцаанд өргөн боломж, асар их ирээдүй байгааг батлан харуулж байна гэж уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ