ХОТЫН РАМПО

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2019-02-18 22:11:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

***

Улаанбаатар хотоор тэнэхэд зуны орой хамгийн тохиромжтой санагддаг. Хүйтэн ч, халуун ч биш. Харин өнөөдөр автобусанд суугаад их хотыг тольдон явах талаар асуувал ихэнх хүмүүс толгой сэгсрэх болов уу. Учир нь автобус аль хэдийн бидний хувьд эргэн тойрон хүндрэлтэй асуудлаар дүүрэн механизм хөдөлгүүр болсон. Гэвч цаг мөч бүхэн тийм байсангүй. Чехийн улаан автобусанд суугаад Улаанбаатар хотоор аялж болдог байв. Ганц гэлтгүй олон хүний бага насны дурсамжинд энэ автобусны өнгө, цонхоор нь гэрэлтэн харагдах хотын хуучин барилгууд хадгалаастай буй биз ээ. Тэдний нэг нь Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн зохиолч, сэтгүүлч Ө.Үлэмжтөгс юм. Харин уран бүтээлчийн хувьд түүнийг “Хотын Рампо” гэж тодотгомоор санагдана.


Тэрээр “Танилц Үлэмжтөгс...” /2010/, “Шинэ үнэр” антологи (хамтын) /2010/, “Let me introduce myself – My name s Ulemjtugs /2013/ яруу найргийн бүтээлүүд, “Абсурд зүүдний хот” роман /2012/, “Иргэншлээс оргох тасалбар” /2014/ өгүүллэгийн түүвэр, “Хийсвэр үг” (шүлэг, өгүүллэг, кино зохиол, жүжиг) /2017/ зэрэг номууд эрхлэн хэвлүүлжээ.  


Ямартаа ч бид дээр өгүүлсэн автобус хөдлөх цэг дээрээс яриагаа эхэлсэн билээ. Харин уншигч та тасалбар төлөлгүйгээр бидэнтэй хамт аялж болно.


ХОТЫН АЯЛАЛ


-Улаанбаатар хотын сайхан нь хаана нуугдаж, эмзэглэмээр зүйл нь юунд оршиж байна вэ?


-Миний үзэж өссөн, тоглож наадсан гудамж талбай, тухайн үеийн нийслэлээс үлдсэн зүйл бараг алга. Дурсамжинд хадгалагдаж л хоцорлоо. Гэвч дурсамж цаг хугацааны эрхээр сарнина. Хуучин 60-аад  оны үеийн барилга байшингуудаа нурааж, шинийг барьж тохижуулахыг хөгжил гэж харж болно. Гэтэл нөгөө талаас Венец, Сицил, Ром зэрэг томоохон улс гүрнүүд яг л эртний өв уламжлалаа тээсэн барилга байгууламжуудаа хэвээр нь авч үлддэг. Харин өнөөдөр миний бага насны дурсамжийг хадгалсан тоосго ч үлдэхээргүй болж байна. Энэ бүхэн хоромхон хугацаанд бус ч гэлээ аажим аажимаар устсаар байгаа нь миний эмзэглэлийг төрүүлдэг.


-Харин нөгөө талаас нь харвал юу мэдрэгдэж байна вэ?


-Өнөөдрийн Улаанбаатарыг би “урбан”, “метрополис” хот гэж хэлж чадна. Хэн ч харсан манай хотыг ингэж хэлж болохоор өнгө төрх хэдийн цогцолсон байгаа нь сайхан санагддаг.


-Мэдээж та өөрөө зохиол бичдэг хүн. Гэвч энэ талаас нь заавал харах шаардлагагүй байх. Хамгийн гол нь хотын хуучин хэв маягтай барилга, байгууламжууд дурсажинд чинь үлдчихвэл илүү тод томруунаар орших юм биш үү, эсвэл мартагдчих болов уу?


-Цаг хугацаа бүх л зүйлийг оргүй болтол арчиж орхидог. Тэр л журам ёсоор бүдгэрчихээд байна л даа. Дахин цаг хугацаа өнгөрөх тусам дурсамж дахь төсөөлөл маань улам бодитой болж байна. Ингэхийн хэрээр хожим би автобусны цонхоор харж өссөн хотын танил дүр төрхийг зурагт номноос үзээд ч танихааргүй болно.


-Автобустай аялалынхаа талаар яриач?


-Бага насны Улаанбаатар гэж яривал хамгийн түрүүнд Чехийн улаан автобус л санаанд буудаг. Манай байрны хүүхдүүд сургуульд орсноосоо хойш өөрсдөө автобусанд суугаад хотоор тэнэдэг болсон. Түүнийгээ бид “Сити тур” гэж нэрлэдэг байлаа. Хамгийн адал явдалтай нь “Сансарын түнел” рүү явах чиглэл юм даа. Тэнд сига тоглоомын газар байсан учир Сансарын 10 номерын унаанд бүх л хөвгүүд айлчилна шүү дээ. Ингээд тоглоомын газарт түрүүлж хүрээд илүү гоё суудал, тоглоомуудыг нь авахын тулд тэмцлийн бяцхан хэлбэр өрнөдөг байсан даа.


-Танай байрныхан тэгээд ямар маршрутаар аялдаг байв даа, одоо бодоход тухайн үеийн Улаанбаатар ямар мэдрэмжийг танд төрүүлдэг байсан бэ?


-Их сургуулийн автобусны буудал манай гэрээс 100 гаруйхан метрийн зайд оршдог байв. Бид тэндээс суугаад Нисэх, Яармагийн эцэс хүртэл автобусаар зугаалж, хоттойгоо танилцдаг байсан. Бүгд л хотын хаана юу байгааг мэддэг болчихсон байлаа. Энэ бүхнээс үзэхэд тухайн үеийн хотоос маань амар амгалан мэдрэгддэг. Суурин иргэншилтэй, хот мөн үү гэвэл мөн байсан. Гэвч орчны нөлөөлөл нь хэнд ч айдсын мэдрэмж өгч байгаагүй. Осол аваар, хүүхдийн хүчирхийлэл, элдэв төрлийн хорт зуршил, хүний наймаа зэрэг өнөөгийн нийгмийн олон хурц асуудлуудаас ангид хотод бид өсч торнисон. Ээж, аав нар маань хүртэл бидэнд санаа зовох шаардлагагүй амар тайван аж төрцгөөж байж дээ. Тэр хэрээр бид хотыг өөрсдийнхөөрөө таньж мэдсэн.


Гэтэл өнөөдөр хүүхдүүд аав ээжийнхээ үзүүлсэн газраар л дагаж явдаг. Хараа хяналтгүйгээр гэрээсээ гарч чадахгүй. Үзэгдэх орчин, явах газар нь хүртэл хязгаарлагдмал болсон.


-Энэ бүхэн одоо үеийн хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?


-Тэдний сэтгэхүй баригдмал ахуйд хүлээстэй байна. Магадгүй зарим талаар өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцдаг, оюун чадамж өндөртэй болсон. Гэвч олны хүрээлэл дунд орохоос айж эмээдэг бүхэл бүтэн үе бий болж байна шүү дээ.  


-Өсвөрийн хүүхдүүдийн ганцаардмал байдал нь үүнтэй холбоотой юу?


-Ер нь бол тийм. Мэдээж би ч бас охиноо “хотоор сайхан тэнэчихээд ир” гээд ганцааранг нь явуулж чадахгүй. Өнөөгийн нийгмийн энэ баригдмал хүлээс хүүхдүүдийн сэтгэхүйг чөдөрлөж байгаа нь үнэн. Одоо Япон улсаар жишээ аваад үзье л дээ. Өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж хорьдог хикикоморичууд тэр өндөр хөгжсөн орны толгойны өвчин болоод байгаа. Өөрөөсөө өөр хүний төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн дээ хикикомори болдог хүмүүс ч цөөнгүй. Тийм тогтсон ажилгүй, нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж хорьсон хүмүүст үр хүүхэд гэж байхгүй. 2070 он гэхэд юу болох талаар Япончууд хэдийн төсөөлж, айдаст автаад эхэлчихсэн.


Харин өөр нэг жишээ гэвэл манай нагац ахын хүүхэд байна. Сургуульдаа явдаг, гэртээ компьютер дээр юмаа хийгээд л сууна. Түүнээс биш найз нөхөдтэйгөө гадуур зугаалдаггүй, хүмүүстэй дотно сайхан яриа өрнүүлдэггүй. Нэг талаар өөрийнхөө боловсролд анхаардаг мундаг байж болно. Гэтэл би бүх л хорт зуршлийг хэрэглэж үзсэн. “Болохгүй” гэдгийг нь мэдээд татгалзаж чадсан. Хүн туулах ёстой бүхнийг үзэж, дараа нь өөрийгөө татаад гаргаж ирж чадвал улам хүчирхэг болдог. Түүнээс хоригдмол ахуйд сэтгэлгээ улам л хямрана шүү дээ.


-Тэгвэл өөрийн тань бодлоор нуугдмал ахуйгаас чөлөөлөгдөх хамгийн сайхан газар юу байв даа?


-Автобустай аялалаас илүүтэйгээр түүхийн музейд чөлөөтэй нуугдаж тоглодог нь хамгийн сайхан дурсамжуудын нэг юм аа. Музей яг манай байрны эсрэг талд байсан юм. Үнэ нь зуун төгрөг. Бидний хэсэг хүүхдүүд мөнгөө төлж орчихоод том танхимууд дунд нуугдаж тоглодог байлаа. Харин сэлмээр байлддаг газар бол Төрийн ордны хүндэтгэлийн саад. Энэ цэцэрлэгийн хаалга өдөр бүр нээлттэй, цэцэг навч, модод биднийг угтдаг байсан. Ер нь тэгээд буга хүртэл хотод орж ирээд алхаж явсан зургууд байдаг шүү дээ. Тийм л үлгэрийн ч юм шиг цаг үеийн нийслэлд өсчээ.


ИТГЭЛ ҮНЭМШИЛ БОЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БИШ


***

Бид чинь уг нь залуу, ирээдүйтэй үндэстэн. Суурьшмал аж төрөхүйд шилжиж хэдэн зууныг элээсэн улсын дэргэд Улаанбаатар хотын түүх харьцангуй залуу гэдгийг ч бид мэднэ. Тэр ч утгаараа өнөөгийн цахимаас салдаггүй, техник технологи хүчээ авсан нийгэмд ихэнхи хүмүүсийн өөрсдийн үзэл бодлыг гээж хаяхгүйг хичээдэг. Хувь хүний дотоод сэтгэл, үзэл санаа бусдынхаас хамааралгүйгээр оршиж байж л тусгаар нэгнийг бий болгодог билээ.




-“Их Монгол” дээд сургуулийг сэтгүүл зүйгээр төгссөн. Энэ салбар руу өөрийн шийдвэрээр орсон уу эсвэл өөр нөлөө бий юу?


-Савангийн рекламны нөлөө бий.


-Сонирхолтой юм. Яагаад гэдгийг нь тайлбарлаач?


-Намайг жаахан байхад “Dove” савангийн реклам их гардаг байлаа. Олон давтамжтай гардаг байсан учраас жаахан хүүхдэд сэтгүүлчийн мэргэжил их гоё зүйл шиг санагдсан байх. Гэхдээ энэ мэдээж наргиа төдий зүйл. Би угаас бичихээс бусад хичээлдээ тааруухан сурагч байсан. Мөн олон талын сониуч зангаасаа болж энэ мэргэжлийг сонгосон. Үнэнийг хэлэхэд үүнээс өөр хийж чадах зүйл огт байгаагүй.


-Сэтгүүлчийн мэргэжлийг зөвхөн сониуч хүн л хийх ёстой юу?


-Нэг тал даа тийм. Аливаа зүйлтэй ганцхан үйлдлээр эвлэрэхгүй байх ёстой. Тухайн асуудлын цаад нарийн учрыг судалж нягтлах сонирхолтой, мэдрэмжтэй хүн л энэ ажлыг хийнэ. Өөр олон ур чадварууд басхүү шаардагдах ч миний хувьд хамгийн гол нь энэ гэж боддог.


-Өнөөдөр сэтгүүл зүйн чиг хандлага ямар түвшинд байгаа вэ, залуу сэтгүүлчийн хувьд үзэл бодлоосоо хуваалцахгүй юу?


-Сэтгүүл зүйн хэвлэлийн эрх чөлөөний өдөр боллоо. Манай ажлынхан нэг нэгэндээ баяр хүргэж байх үед ахмад сэтгүүлч Ш.Мягмарсамбуу ах надад нэг айхтар үг хэлсэн юм.


-Ямар үг юм бол?


-“Хурууны хээгээр хязгаарлагддаг хэвлэлийн эрх чөлөө байх ч гэж дээ” гэсэн. Өнөөдөр байгууллага бүрт хурууны хээ уншуулдаг бүртгэлийн систем бий. Ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж буй эсэхэд давхар хяналт хийж буй нь тэр. Гэхдээ сэтгүүл зүйд тохиромжгүй. Заавал хурууныхаа хээг уншуулдаг, түүнийхээ цагт баригдаж ажилладаг эрэн сурвалжлахын сэтгүүлч байна гэж үгүй шүү дээ. Энэ бол нэг ёсондоо дөнгө юм. Тэгээд цаашилбал тухайн мэдээллийн байгууллага гэрээтэй газруудын эсрэг чиглэсэн мэдээлэл цацаж болдоггүй, материал дэлгэснийхээ төлөө өөрсдөө буруутан болдог, зөрчлийн тухай хуулиар торгууль төлдөг гэх мэт олон асуудал гарна. Энэ бүх асуудал нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлачихсан орчинд л бид ажиллаж байна даа.


-Магадгүй шар мэдээний сайтууд ихээр бий болж, худал мэдээнүүд цацагддаг болсонтой зарим нэг асуудал нь холбоотой байх. Гэхдээ сэтгүүлч баримт нотолгоогоо үзүүлчихвэл торгуулахгүй юм биш үү? Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах ёстой гэх зарчим үгүйсгэгдээд байна гэж ойлгох уу?


-Харин тийм. Нөгөөтэйгүүр биднээс хяналтын прокурор, байцаагчийн түвшний баримт нотолгоо шаардаж болохгүй. Сэтгүүлчид байцаагч биш. Бид зарим эх сурвалж, гэрчээ нууцлах ёстой.


Саяхан Умберто Экогийн “Дугаар тэг” гэдэг романыг би уншсан. 90-ээд онд Италийн сэтгүүл зүй аль нэг хөрөнгө оруулагч компанийн даалгавараар мэдээ бэлтгэдэг, олигархиудын гарт хэвлэл мэдээлэл нь атгагдчихсан байсан талаар тэнд өгүүлдэг. Жирийн иргэдийн эрх ашгийн төлөө дуугардаг, хөрөнгө оруулагч байгууллагын эсрэг ажилласан фракцыг хэвлэл мэдээллээр нухдаг байсан талаар ч нэлээдгүй олон хуудас дамнуулж өгүүлсэн байна лээ. Гэхдээ тэр роман надад нэг тийм “жул” санагдсан.


-Яагаад тэр вэ?


-Надаас орчуулагч нь болох П.Энхтуяа эгч “Ямар санагдав” гэж асуусан. Би “муу роман” гэж хариулсан. Учир нь Монголын сэтгүүл зүй өнөөдөр үүнээс ч дор нөхцөлд байна. Би сэтгүүл зүйн тухай роман бичвэл Экогоос ч илүүг хүүрнэнэ. Би тэр том зохиолчоос мундаг болохоор биш л дээ. Учир нь манай сэтгүүл зүйн асуудал Экогийн романд гарч буйгаас илүү хурцадмал асуудал олонтойд хамаг учир бий. Тэгээд ч энэ тухай өгүүлэх романаа эхлүүлээд дундаа орчихсон байгаа.


-Дээр өгүүлсэн романыг уншиж дуусахад өөрт чинь шинэ роман бичих сэдэл төрсөн хэрэг үү?


-Өөр нэг асуудал бий. Би өмнө нь гадагшаа явах гэж “Үндэстний тойм” сэтгүүлийн ажлаас гарсан юм. Гэтэл явах маань талаар болсон. Ингээд нэг зун ажилгүй хэсэг хугацаанд аж төрж үзлээ. Хотод мөнгө олохгүйгээр аж төрөх хэцүү. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр жаахан халтуурны ажил хийсэн. Тухайн үед нэг ах утасдаад /зочны хүсэлтээр нэрийг нь нууцалсан болно/ “Манай суманд анх удаа овоо тахих гэж байгаа. Сэтгүүл хийлгэх ажил байна” гэсэн. Би ч орлогогүй байсан болохоор шуудхан зөвшөөрч орхив. Тэгтэл засаг дарга нь утасдаад “манай жолооч хотод явж байгаа, холбогдоод хүрээд ирэх үү эсвэл шугамын унаагаар явах юм уу” гэж асуусан. Би ч иргэдийнх нь санал сэтгэгдлийг сонсох санаатай шугамын унааг нь сонгосон. Энэ үеэр ард иргэд нь “Залгаа сумтай манай сумыг холбох 70-хан километр замын ажлыг хийлгүй найм, есөн жил гацаалаа. Тэгсэн мөртлөө 300 юм уу 400 сая төгрөг зарлагадаж овоо тахих хэрэг юу байна” хэмээн ярьцгааж байсан.


Газар дээр нь очиход уул уурхайн компанид лиценц өгчихсөн, иргэд нь муухан цалингаар нинжа хийдэг бараан амьдрал өөдөөс угтсан. Зохион байгуулагчид нь намайг алдарт уяач, бөх зэрэг хүмүүс “яриа ав” гэж шахаж байлаа. Тэдгээр нь хөгжил ярихгүй шүү дээ. Хэдийгээр овоо тахих гэж буйтай холбогдуулах ч сэтгүүл нь сум нэгдлийн хөгжлийн тухай байх ёстой гэж санасан минь талаар нэг болсон доо. Иймэрхүү өөрийн биеэр үзэж туулсан, басхүү олон асуудал сэтгүүлчийн амьдралд тохиолддог. Тэр бүхнээс л роман бичих сэдэл төрсөн.


Хүн чинь уул усанд амьдрал ахуйгаа даатгаж, сүсэглэж болно л доо. Гэхдээ хамаг идээ будаагаа ууланд өргөж, уут саваар нь бохирдуулчихаад байгалиа хайрлан дээдэлж байна гэж ярьцгаах инээдэмтэй. Би ер нь ямар ч мухар сүсгийг “тэнэг” гэж боддог.


-Мухар сүсэг гэснээс таныг Христийн шашин шүтдэг гэх юм билээ?


-Би Христэд итгэдэг энэ үнэн. Итгэл үнэмшилээ ч би нуудаггүй. Тэглээ гээд би монгол хүн байхаа больчихоогүй. Монголоороо ярьж сэтгэдэг маань, эх орныхоо төлөө сэтгэлээ бусдын адил чилээдэг.  Би Христэд итгэгч байлаа гээд бусад хүний итгэл үнэмшлийг үгүйсгэдэггүй. Өөрийн итгэл үнэмшлийг тулгаж “Чи манай сүмд явахгүй бол тамд шатна” гэж занархийлдэггүй. Мөн бурхангүй үзэлтнүүдийг ч хүндэтгэдэг. Хамгийн гол нь манай нийгэмд Христэд итгэгчдийн үнэлэмж доогуур байгаа шалтгаан өөрсдөд нь байдаг.  Хэтэрхий тулшрамтгай. Хэтэрхий номын. Библээс өөр ном уншдаггүй, магтан дуунаас өөр дуу сонсдоггүй ч гэж байх шиг... Нийгэм гэдэг хэнхэг итгэгчдийн хувьд нүгэлт ертөнц биелэсэн там юм уу хаашаа юм. Монгол хүн байж бараг Чингис хааныгаа алуурчин, нүгэлтэн байсан гэх нь холгүй хүмүүс Христэд итгэгчид дунд олоон. Ядаж байхад нэг америк сайн мэдээ түгээгч, нэг муу доожоогүй Солонгос пасторыгоо бурхан мэт хүндэлнэ. Библи сударт итгээд байна уу, тэр гадаад нөхрийн амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийг шүтээд байна уу гэдэг нь ойлгогддоггүй Есүсчид мэр сэр бий. Би тэднээс өөр.  


-Тэгвэл таны итгэл үнэмшил яг юун дээр тулгуурладаг вэ?


-Үйлийн үрд итгэх. Шударга шүүлтийн өмнө очиход бэлэн байх эр зориг. Эх орноо, газар нутгаа харамлаж хайрлаж Мөнх хөх тэнгэрийн бурханы сүр их хүчинд даатгах, тархан суурьшсан монгол үндэстнийхээ төлөө чин сэтгэлээр харуусан залбирахад...   


ХЭЛБЭРДЭЛТ ӨӨРӨӨ ХЭЛБЭР БИШ


***

Ярилцлагынхаа энэ хэсэгт бид уран бүтээлийн тухайд илүүтэй хүүрнэлдсэн юм. Бүтээл өөрөө төрдөг үү? Бүтээлийг төрүүлдэг үү? гэх асуулт бий. Гэвч Г.Аюурзанын өгүүллэгт дурлалыг зохиож болдог шүү дээ. Энэ дэлхийн ганцхан талтай зүйл гэж үгүй. Тэгэхээр уран бүтээлчид мэргэн санаа төрж болно. Харин түүнийг боловсруулах үйл явдал нь хамгийн чухал юм.


Нөгөөтэйгүүр уран бүтээлчийн сэтгэл зүйд туссан бага насны дурсамжийн талаарх төсөөлөл уншигчдад хэрхэн хүрэх тухай ярилцлагаа буулгах ахуйд бодож амжив. Дурсамж нэг бол хүйтэн, эсвэл халуун, гэрэл цацруулсан цагаан тагтаа, нэг бол сүүдрээс нь гарах аргагүй аварга том тас шувууны дүрээр биежин үзэгддэг. Эцэстээ эх адаггүй хүйтэн туйл, халуун цөл болж хувирна. Харин энэ бүхний дараа ярилцагчийн уран бүтээл бол өнгөрсөнд үлдсэн дурсамжийн хуучин далайд живээгүй хөлөг онгоц мэт л санагдана.




-Та оюутан ахуй цагтаа “Абсурд зүүдний хот” хэмээх анхны романаа хэвлүүлж байсан. Энэ тухайгаа яриач?


-Тэр үеийн Үлэмжтөгсийг одоогийнхтой харьцуулбал их ялгаа гарна. Мэдээж цаг хугацааны явцад бид үргэлж суралцаж, өсч дэвжсээр л байдаг. Тухайн үед бичигдсэн “Абсурд зүүдний хот” роман хэл найруулгын хувьд алдаа их байсан. Бусдаар бол үйл явдал, хэлэх гэсэн санаа нь шинэлэг байж чадсан. Би өөрөө зүүдэнд их сонирхолтой учраас тухайн үед зүүдний тухай роман бичих хүсэл төрсөн юм. Мөн монгол хэлэнд “давсанд явах”, “түмэн сохрын өртөө” зэрэг хэлц үг байдаг даа. Үүн дээр л тогтолт хийхийг оролдсон. Мэдээж давсанд явсан хүн давсаа аваад ирвэл юу болох бол хэмээн бодож, энэ санааг хөгжүүлсэн.


-Үеийн тань уран бүтээлчид тус романыг шүүмжлэх маягтай ханддаг юм билээ?  


-Тэр үнэн. Гэхдээ постмодерн гэх төрөл жанраа хүртэл сайн уншиж таниагүй, өөрсдийн гэсэн ганц сайхан өгүүллэг бичээгүй хүмүүс муулж ярих нь инээдтэй санагддаг. Миний хувьд энэхүү роман уран бүтээлчийн туршилт байсан хэдий ч тухайн үед ахуй, адуу мал бичдэг хүмүүсийн хэзээ ч бийрлэж чадахгүй зүйлийг би бичиж чадсан гэж боддог. 


-Энэхүү романыг шинэчлэн хэвлэх үү?


-Зарим нэг уншигчдаас дахин хэвлүүлэх үү гэж асуудаг л даа. Би тийм гэж хариулна. Дизайн техник, хэл найруулгын хувьд сайжруулна. Бусдаар бол утга санаа, үйл явдлын өгүүлэмж хэвээрээ байх болов уу.


-Романаас гадна та хоёр ч өгүүллэгийн номтой. Таны “Иргэншлээс оргох тасалбар” номын өгүүллэг бүрт цаг бусын үхэл гардаг. Ер нь яагаад триллер өгүүллэгүүд бичих болсон бэ?


-Эхлээд хэлбэрийн тухай ярих нь зөв болов уу. Намайг хүмүүс постмодерн роман, урбан жүжиг, триллер өгүүллэгүүд бичлээ, хэлбэр хөөцөлдөж байна гэж ярьдаг. Гэвч аливаа бүтээл концепцитэй, өөрийн гэсэн цогц агуулагатай байх ёстой. Юунд зорьсон, юуг хэлэх гэсэн бэ, уг санаагаа ямар төрлөөр илэрхийлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Жишээ нь би зүүдний тухай роман бичих боллоо гэхэд урлагийн ямар төрөл жанраар илэрхийлж гаргах вэ гэдгээ шийднэ.  Зүүд гэдэг өөрөө орооцолдсон, утга замбараагүй зүйл. Тиймээс би өгүүлэмжээ биежүүлэхэд постмодерн төрлөөр бичих нь хамгийн зөв сонголт болж байх жишээтэй.


Хоёрдугаарт гэвэл миний ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн таашаал авах хэлбэр нь үхэл болоод цочир хурц үйлдлүүдэд оршдог. Мэдээж үүнийг бодит амьдралд хэрэгжүүлвэл аймшигтай. Тиймээс л соёл иргэншилтэй хүн төрөлхтөн урлаг, утга зохиолоо гээлгүй өдийг хүрсэн биз. Харин тэрхүү хурц мэдрэмжүүдийг илэрхийлэхэд сэтгэл зүйн уянга бус триллерийг сонгох шаардлагатай. Миний “Иргэншлээс оргох тасалбар” бол ийм л цогц агуулгатай, өгүүллэгийн бүх дүрүүд нь цаг бусын үхэлд хүрдэг ном. Метароман шиг хоорондоо холбогдохгүй ч цогц утга санааг агуулсан гэж хэлж болно. Түүнээс бус Рампо шиг нэг сайхан триллер өгүүллэг бичие гээд үзэг шүүрдэггүй. Ийм сэтгэлээр бичвэл зохиол хэзээд амьгүй хоосон өгүүлбэрүүдийн нийлэмж болж үлдэнэ.


-Тэгвэл уншигчид маань уран зохиолын онолыг сайн судалж мэдээгүйн улмаас төрөл жанрын дагуу цогц бүтээл туурвихаар хэлбэрдэлт гэж шүүмжилдэг болчихсон хэрэг үү?


-Угаасаа тийм шүү дээ. Үеийн уран бүтээлчдийн ихэнхи ном нь цогц агуулгагүй эрээвэр хураавар зүйлсийн цуглуулга байдаг. Харин үүний урвуу хамаарал гэвэл яруу найрагч Б.Батзаяагийн “Лонхонд байсан шүлгүүд”, О.Элбэгтөгсийн “Эмгэнэлийн үр хөврөл” шүлгийн түүврүүдийг нэрлэж болно. Тэд бол өөрсдийн гэсэн амьсгалтай, амьтай бүтээлүүд. Номынх нь агаар хуудас бүртээ ноёлж чаддаг цогц агуулгатай.


-Тэгвэл таны амьдралд үхэлтэй салшгүй холбоотой дурсамжууд байдаг болов уу?


-Би хагацлыг их гүн мэдэрсэн. Миний хайртай хүмүүс бага балчир наснаас маань  өөд болсоор байсан. З настайд ээж минь миний нүдэн дээр нас барсан. Хань нь, таван хүүхэд нь бүгд тойроод зогсож байлаа. Гэтэл өвөө намайг өргөж аваачихад ээж намайг үнсчихээд “Миний хүүхдүүд бага дүүгээ сайн харж хандаарай” гэж хэлээд өнгөрсөн. Амьдралын кадруудаас хамгийн тод санагддаг мөчүүдийн нэг нь 3 настайдаа үзсэн тэр хагацал.


Дараа нь намайг зургаа дугаар ангид байхад өвөө маань өөд болсон. Хамгийн хүнд хагацал нь намайг 19 настай байхад  аав маань миний гар дээр, эмнэлэгт өөд болчихсон. Би аавыгаа 40 настай байхад төрсөн хэнз хүүхэд. Аав маань бие тааруу хүн байлаа. Ухаан орсон цагаасаа хойш л аав маань намайг орхиод өөд болчихвий гэдгээс дэндүү их айдаг байлаа. Тэгэл яг тэр мөчтэй тулгарахад бүх зүйл хоосроод л явчихсан. Тэр олон жилийн айдас болгоомжлол ч ор мөргүй замхарчихсан.


Үхэлтэй холбоотой хамгийн хачин явдал өвөөгийн ажил явдлын үеэр болсон юм.


Өвөөгийн ясыг нь түших хүн ойр дотных нь могой жилтэй хүн байна гэж лам айлджээ. Надаас өөр могойтой хүн байгаагүй. Ингээд аав, ахын хамт нэгдүгээр эмнэлгийн моргт очсон. Гэтэл нормынхоо спиртийг уучихсан хоёр согтуу эмч гарч ирээд “Маш их хүмүүс өөд болсон болохоор  танай хүнийг  олохгүй байна. Яс барих хүн нь ор” гээд зургаа дугаар ангийн намайг дагуулж явсан. Сталины нэг үг байдаг даа, “Нэг хүний үхэл эмгэнэл, олон хүний үхэл бол статистик” гэж... Би тэнд төмөр тавцан дүүрэн зуу гаруй үхдлүүдийн дундуур алхаж явсан. Мөн өвөөг олох гэж хэчнээн үхсэн хүнийг тулж харснаа сайн санадаггүй юм. Энэ явдал надад маш хүчтэй нөлөөлсөн бөгөөд миний уран бүтээлийн салшгүй нэг сэдэв нь “үхэл” болж хувирсан даа.


-Өөрөө үхэл хагацал бичихээр муу зүйл ирдэг гэж зарим хүмүүс ярьдаг шүү дээ, энэ талаар ямар бодолтой байдаг вэ?


-Насаараа үхэл бичсэн мөртлөө аз жаргалтай сайхан амьдарсан зохиолчид өчнөөн байдаг. Би иймэрхүү мухар сүсэгт итгэдэггүй. Харин үг амьтай гэдэгт итгэнэ. Гэхдээ үхэл бичихээр өөрт нь хагацал тохиолдоод, гэгээн сайхан сэдэвтэй зүйл бичихээр аж жаргалтай аж төрнө гэж үгүй. Харин зохиолчийн зөн совин, ёр билгийг өөрөөр тайлбарлах байх.   


-Таны “Нуугдаж тоглоё” өгүүллэг музейд өнгөрүүлсэн багын чинь дурсамжаас ургаж гарсан уу? Дээрх асуудалтай холбоотой юу?


-Шуудхан хэлэхэд багын дурсамжнаас минь л ургаж гарсан. Мөн бид үхлийг хуураад явуулж болох уу гэсэн бодол надад нэг удаа төрсөн юм. Би эрлэгийн элч ирэх хоёр тохиолдолтой учирсан. Зуны амралтаар 90 настай өвөөгөө асардаг байлаа. Өвөө тааз руу ширтээд л ямар нэгэн хүн тэнд алхаж буйг дагуулж хараад байх шиг санагдсан. “Өвөө та юу хараад байгаа юм, тэнд хүн байгаа юм уу” гэхэд минь “Хүүдээ хэлчихээр айх болов уу даа, миний хүү ойлгохгүй ээ” гэж хариулсан. Дараагийн тохиолдол нь гэвэл аав маань “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн авч явах гээд ирчихсэн байна” гэж ярьдаг байлаа. Анагаах ухаанд үүнийг шизофрин ч юм уу, хий зүйл хардаг өвчин хэмээн тайлбарладаг. Гэтэл аав маань мухар сүсэггүй, шинжлэх ухаанч үзэлтэй хүн мөртлөө үхэл өөрт нь тулцан үед ингэж ярисан. Энд маш том зөрчил харагдаж байгаа биз дээ. Тэндээс л би “Нуугдаж тоглоё” өгүүллэгийнхээ холболтыг хийсэн. Нөгөө талаас гэвэл бид үргэлж л үхлээс нуугдаж амьдардаг шүү дээ.  


-Энэ өгүүллэгээр маань кино хийчихээсэй гэх хүсэл байдаг уу?


-Бүх өгүүллэгүүд маань тун аятахайн шорт фильм болно. Сайн задлаад бүрэн хэмжээний кино хийсэн ч боломжтой гэж хардаг.


-Та өөрөө кино хийхээр болвол алийг нь хамгийн түрүүнд барьж авах вэ?


-Аль аль талаа харах л байх. Гэхдээ хамгийн түрүүнд “Иохан Баптист” гэдэг өгүүллэгээ кино болгох болов уу.


-БИД ҮЗЭГЧДИЙГ ЗҮГЭЭР Л АЛМАЙРУУЛМААР БАЙНА-


***

Хүн бүхний дотор зуураад үлдчихсэн олон дурсамжууд бий. Харин үүнээс ч олон зүйл байдаг хүсэл мөрөөдөл, хийж бүтээх эрмэлзэл билээ. Бурхан тэнгэрийн бүтээсэн тойрогт бид үргэлж хийж бүтээх ёстой гэх маягтай үгсийг Солженицын хэлсэн байдаг. Харин түүний хувьд...




- Та утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмд харьяалагддаг. Бүлгэмийнхээ тухай яриач?


-Тухайн үед утга зохиолын бүлгэм байгуулах давалгаа хүчтэй өрнөж байсан. Намайг хоёрдугаар курст сурч байх жил яруу найрагч Р.Улам-Оргих анд маань манай сургуульд элсэн суралцах болсон. Ингээд бүлгэм байгуулсан юм. Эхлээд Ч.Өсөхболд, Б.Лхагва-Очир, Р.Улам-Оргих, Т.Есөн-Эрдэнэ, Д.Сосорбарам бид зургаа байсан. Сүүлд Б.Лхагва-Очир орон нутаг руугаа явж яруу найрагч С.Начин бидний бүлгэмд нэгдсэн. Харин дараагаар нь Т.Эрдэнэзулай, Э.Бүжинлхам гэдэг хоёр эмэгтэй найрагч нэмэгдсэн. Бид бүлгэмээрээ уран зохиолын эвент ажлуудыг зохион байгуулсан. Мөн “Шинэ цаг” гээд яруу найргийн реалити шоу ч хийсэн. Тэр шоунаас Г.Баяр гэж найрагчийн бүтээлүүд хүмүүст хүрч, уншигчдынх нь хүрээллийг тэлсэн. Мэдээж уран зохиолын найз нөхөд нь түүнийг мэддэг хэдий ч Г.Баяр найрагчийн шүлгүүдийн илүү олон хүмүүс таньж мэддэг болсон. Үүнийг бас олон хүн үгүйсгэхгүй байх аа гэж бодож байна.  


-“Шинэ үнэр” бүлгэм хоорондоо уралдахгүйгээр шүлгээ уншдаг арга хэмжээнүүд олныг зохион байгуулсан. Энэ талаар яривал?


-Бид зүгээр л өөрсдийн бүтээлийг хүмүүст хүргэх, яруу найргийн уншлага гэдэг зүйлийг улам бүр дэлгэрүүлэхийг хүссэн. Мөнхүү уншигчдын соёлыг бий болгох нь зөв гэж бодсон. Аливаа урлагийн арга хэмжээнүүд ч тасалбартай байдаг. Тиймээс шүлэг сонсох гэж ирсэн хүмүүс дуртай юмандаа мөнгө төлөх хэрэгтэй. Энэ бол соёл. Дуурийн дуучинг бид нийтийн дуучин шиг хардаггүй. Ариунбаатар, Амартүвшин, Долгор эсвэл балетчин Алтанхуягийг маш их хүндэлж харьцдаг, урлагийн элитүүд гэж дүгнэдэг. Харин яруу найрагчид тогтсон орлогогүй, улсдаа татвар төлдөггүй тийм л хүмүүс байдаг юм шиг үздэг. Ийм хүмүүс ч олон байгаа. Тиймээс бид өөрсдийнх нь үнэлэмжийг нэмэгдүүлэх, уншигчдын бодлыг өөрчлөх зүйл хийе гэж шийдсэн нь тэр юм. Тухайн үед “такс нь өндөр байна, гял цал газар хийлээ, хоол нь өндөр өртөгтэй” зэргээр хүмүүс шүүмжилж байсан. Сонгодог урлагт хэзээ ч ийм яриа гардаггүй. Гэтэл уран зохиолын сонгодог нь яруу найраг гэж бид ярьдаг. Тэгвэл өөрсдийгөө хүндлэх хэрэгтэй.


-Ер нь аливаа бүлгэмүүд нэг үзэл санаан дор нэгдэж бүтээл туурвидаг. Жишээ нь тухайн бүлгэмийн гишүүд нь уран зохиолын адилхан нэг төрөл жанрыг сонгож өөр өөрсдийн хэлбэрээр шүлэглэдэг. Ингэж аливаа нэг урсгалыг тунхаглан гарч ирсэн байдаг. Харин “Шинэ үнэр” энэ замаар алхаж чадаагүй. Үүн дээр дээр хариулт өгөхгүй юу?


-Тийм. Нэг санаа бодолтойгоор хувьсгал хийнэ гэж ярилцсан бүлгэм маань үнэндээ уран бүтээлийнх бус амьдралын найзуудын бүлгэм болчихсон нь үнэн. Анх уг нь бид яриагүй биш ярисан  л даа. Гол нь хэлбэр бус жанр нь өөр өөр өнгө аясаар туурвидаг хүмүүс анхнаасаа нэгдчихсэн юм. Бүгд уран зохиолын төлөө зүрх сэтгэлтэй ч гэсэн үзэл бодол өөр байсан. Яг л нэг тийм “Freezone”, “Салхи” гэх мэт ахиж өгдөггүй хөвгүүдийн хамтлаг шиг байсаар байгаад арван жил болчихжээ. Яг үнэндээ “Шинэ үнэр” бүлгэм бэлгэдлийн хувьд нэр нь байгаа ч гэсэн идэвхтэй үйл ажиллагааны хувьд аль хэдийн тарчихсан.


-Эргээд үйл ажиллагаагаа сэргээх үү?


-Одоо гурав нь гадаадад, нэг нь орон нутагт байна. Бүгд нэг дор байсан бол яахыг хэлж мэдэхгүй. Тэгэхээр бараг хэрэггүй биз дээ.


-Нөгөө талаар, нийгэм эдийн засгийн асуудалтай холбоотой байх тийм үү?


-Тэгэлгүй яахав. Хүн л болсон хойно аж төрөхүйгээ өөрчлөх хэрэгтэй. Яг хөдөлмөрийн насан дээрээ явж байгаа залуус яруу найраг хөөцөлдөөд байж болохгүй. Учир нь манайд ном бүтээл туурвиад амьдрана гэдэг бүтэшгүй зүйл. Бүгд л амьдрал ахуйгаа босгох гэж зүтгээд  дор бүрнээ хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвиж яваа.  Би ч гэсэн дургүй ажлаа хийж л сууна.


-Сэтгүүл зүйн ажилдаа дургүй гэсэн үг үү?


-Хэн дуртай байхыг хүсэхэв дээ.


-Тэгвэл таны хүссэн ажил юу юм бол оо?


-Болдог бол сайхан номоо бичээд л сууж байх. Сайн мэдэхгүй юм даа.


-“Амьгүй биет” контемпорари драм шинээр тавих гэж байгаа гэж дуулсан. Жүжгийнхээ талаар яриач?


-Хоёр жил бодсон юм аа. Бид өнөөдөр агаарын бохирдол, хөрсний бохирдол гэж их ярьдаг. Гэтэл яг одоо нэг чимээгүй тахал биднийг эзэлж байгаа нь дуу чимээний бохирдол юм. Хүн байгалийн дуу чимээнд хэзээ ч стрестдэггүй юм билээ. Жишээ нь Улаан цутгаланд очоод тэр их усны нүсэр чимээг чагнаж суухад та хэзээ ч бухимдахгүй. Харин хүн өөрийн бүтээсэн эд зүйлс, тоног төхөөрөмжийн дуу чимээнээс болж сэтгэлийн хямралд ордог. Үйлдвэр, машин тэрэг гээд л өчнөөн чимээ шуугиан хүмүүсийг гүн хямралд автуулж байна. Нөгөө талаас нь хэлвэл энэ зүйлс биднийг эзэгнэж эхэлж байгааг анзаарахгүй байж болохгүй. Бүтээсэн зүйлс маань биднээс хариу үйлдэл нэхэж эхлэл болсон. Сандалд, ширээ хүнээс хариу үйлдэл нэхдэгүй. Харин гар утас, машин тэрэг өөр. Адаглаад бензин хийнэ, утсаа заавал цэнэглэж байж хэрэглэнэ. Ингэснээр хүн төрөлхтөн хэрэглээгээ амьд болголоо. Одоохондоо хүмүүс захирдаг ч цаашид яах вэ гэж бодсон юм. Үүнийг  хүмүүст илүү хүргэхийн тулд роман, шүлэг маягаар хийж болохгүй. Тиймээс хэлбэрийн хувьд жүжиг болгохоор шийдсэн.


-Эхэлж санаагаа олоод дараа нь хэлбэрээ тодорхойлсон байх нь ээ?


-Тийм ээ, эхлээд зохиолын санаа агуулгаа боловсруулсан, бичсэн. Тэгээд энэ зохиолын уур амьсгалыг бүрэн гүйцэд харуулж чадах шийдэл нь тайзан дээр жүжигчин гаргахгүй байх явдал юм байна гэдэг дээр тогтсон. Тиймээс хэлбэрийн хувьд контемпорари жанрыг сонгох нь оновчтой байсан юм аа. Ингэж байж л амьгүй биетийг амьлуулах концепц төгөлдөржинө гэж шийдсэн. 


-Контемпорари харьцангуй орчин үеийн урлаг гэж яригддаг шүү дээ. Та энэхүү урлагийн тухайд та ямар ойлголттой байдаг вэ?


-Тийм ээ, маш орчин үеийн урлаг. Харьцангуй агуулга, концевц зэрэг цаад санаа руугаа төвлөрдөг. Нүсэр биш мөртлөө гол нь хэлэх гэсэн санаа руу үзэгчдийн анхаарлыг хандуулдаг. Гадаад хэлбэрээр дотоод утга санаанд хөтлөнө гэсэн үг. Түүнд хүрэхийн тулд гял цал, гоёж гангалах зүйлс энэ урлагт хэрэггүй.


-Үзэгчид энэ жүжгээс юуг хүлээж аваасай гэж хүсч байна вэ?


-Энэ бол зохиолчийн мэдлээс давсан хэрэг. Нэгдүгээрт театрын, драмын урлагт №1 хүн нь найруулагч шүү дээ. Найруулагчаар ажиллаж байгаа Я.Билгүүнсарын мэдэлд энэ жүжиг одоо шилжсэн. Харин найруулагчийн ажлыг тодотгож харуулах гэсэн санааг биежүүлж өгөх тайзны зураачийн үүргийг Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг С.Ганзүг ах  үүрэн ажиллаж байгаа. Зохиолын уур амьсгалд үзэгчдийг бүрэн автуулж, хөтөлж замчлах үүргийг Моханик хамтлагийн дуучин, хөгжимчин Ц.Даваажаргал, Ата Боргужин нар хариуцаж байгаа. Харин продюссер болон төслийн менежерээр зохиол бичигдэх цагаас намайг хурцалж дэмжиж ажилласан яруу найрагч Б.Батзаяа, дуучин Билл хоёр маань сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Тиймээс дан гагц минийх биш хамтын ажил болсон. Чадварлаг, мэргэжлийн сайн баг бүрдсэн учраас надад санаа зовох юм алга. Санхүү мөнгөний асуудлаас бусдаар... Бид энэ бүтээлээрээ харах, сонсох, хүрэлцэх, үнэрлэх мэдрэхүйд зэрэг хүрэхийн төлөө зорьж ажиллаж байна.




Гэрэл зургийг | Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ