Өнгөрсөн онд БНХАУ-д 30 сая гаруй жуулчин аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-02-20 13:21:20

БЭЭЖИН. /RIA Novosti/. Өнгөрсөн онд БНХАУ-д 30.54 сая жуулчин аялсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад 4.7 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай тус улсын Соёл, аялал жуулчлалын яам мэдээлжээ.


Үүнээс гадна, өнгөрсөн онд 13 сая орчим гадаадын иргэн ажил хэргийн аялал, эрдэмтэн солилцоо, үзэсгэлэн, хурал, семинарт оролцох, ажил эрхлэх болон бусад зорилгоор Хятадад очсон байна.


Жуулчид Хятадад аялах үедээ нийт 73.1 тэрбум ам.доллар /жилийн дундаж үзүүлэлтээр 5.1 хувиар өссөн/ зарцуулсан байна. 2018 онд Хятад руу аялсан жуулчдын тоогоор эхний аравт Малайз, Сингапур, АНУ, Өмнөд Солонгос, Япон болон бусад орон оржээ.


Одоо гадаадын жуулчид Хятадын нутаг дэвсгэрээр 24 цаг визгүй дамжин өнгөрч болно. Үүний сацуу 53 улсын иргэд Бээжин, Шанхай, Куньмин, Сямэнь, Нанкин, Циндао, Чэнду, Шизячуан, Шэньян зэрэг Хятадын томоохон хотууд болоод соёл-эдийн засгийн төвүүдэд 144 цагийн хугацаанд визгүй зорчих боломжтой.  


Хятадын өмнөд хязгаарын арал болох Хайнаньд иргэд нь визгүй аялах боломжтой орнуудын тоог 2018 оны тавдугаар сард 59 болгож нэмэгдүүлсэн байна.


Хятадын аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд нийтдээ 5 их наяд 97 тэрбум юанийн орлого олсон нь жилийн дундаж үзүүлэлтээр 10.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн онд тус улсын аялал жуулчлал болон холбогдох салбаруудад 80 сая орчим хүн ажиллажээ. 


Холбоотой мэдээ