Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-02-20 17:46:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж Ус цаг уур, орчны хүрэлээнгийн газраас малчид, тээвэрчид, ард иргэдэд мэдээллээ.

Энэ сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, 23-нд Алтайн нурууны өвөр бэл болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Арц-богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 3-8 градус, цас багатай энгэр ээвэр газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ