АТГ-ын даргаас огцрохыг шаардах нь хууль бус үйлдэл хэмээн хариу өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч ТББ-ууд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг тулган шаардаж, бичиг хүргүүлсэн. Энэ нь хууль бус үйлдэл хэмээн АТГ хариу өгчээ.
Учир нь Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байдаг аж.
Мөн тулган шаардах бичиг нь заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай болон авлигын эсрэг хуульд зааснаар, “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын ажилд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.
АТГ дур мэдэн эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг замхруулах хууль эрх зүйн боломжгүй байтал, улс төрчдийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг нуун дарагдуулдаг хэмээн гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэв.
Тиймээс эрхийнхээ хүрээнд эвлэлдсэн "Манан дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" хөдөлгөөнийг дэмжигч иргэд үйл ажиллагаандаа хуулийг дээдэлж, аливаа улс төр, бүлэглэлийн нөлөөнд авталгүй авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, улс орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй тохиолдолд хамтран ажиллахад бэлэн хэмээн АТГ -аас мэдэгджээ.