"Шилдэг эрэгтэй жүжигчин"-ээр Рами Малек тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-02-25 12:34:30

НЬЮ-ЙОРК. /TASS/.  Жүжигчин Рами Малек “Bohemian Rhapsody” кинонд бүтээсэн Фредди Меркуригийн дүрээрээ “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Оскар”-ын эзэн боллоо. Америкийн кино урлагийн академийн шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслол Лос-Анжелес хотноо болж байгаа билээ.


Энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Кристиан Бэйл /“Vice”/, Брэдли Купер /“A Star Is Born”/, Уиллем Дефо /“Ван Гог”/, Вигго Мортенсен /“Green Book”/ нар өрсөлджээ.


Найруулагч Брайан Сингерийн бүтээсэн “Bohemian Rhapsody” намтарчилсан хөгжимт уран сайхны кинонд алдарт “Queen” хамтлаг болон тус хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдрал, амжилтад хүрсэн замналын тухай өгүүлдэг. Уг кино өмнө нь Америкийн “Алтан бөмбөрцөг”, Их Британийн кино, телевизийн урлагийн хоёр шагнал /BAFTA/ болон АНУ-ын Гильдийн шагналыг хүртсэн юм. Рами Малек  өмнө нь “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн билээ. 


Харин “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Оливия Колман “The Favourite” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн байна.


Грекийн найруулагч Йоргос Лантимосын бүтээсэн уг кинонд мөн жүжигчин Рэйчил Вайс, Эмма Стоун нар тогложээ. Оливия Колман өмнө нь энэ кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн билээ.


Холбоотой мэдээ