Налайх дүүрэг Австралийн Гоүлбурн хоттой гэрээ байгуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-03-01 17:56:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Гоүлбурн хотын дарга Боб Көркийн урилгаар өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 2-нд Австрали Улсад айлчилж байна.

Айлчлалын эхэнд манай төлөөлөгчдийг Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн орлогч Пол Майлер хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан ярилцав.

Ч.Раднаабазар тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Гоүлбурн хотод зочлон тус хотын дарга Боб Көрк, ерөнхий менежер Уорвик Бэннэт, Засаг даргын тамгын газрын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Скотт Мартин нартай тус тус уулзаж, Налайх дүүрэг, Гоүлбурн хот хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Уг хэлэлцээрийг байгуулснаар талууд боловсрол, соёл, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн төлөөлөгчид Гоүлбурн хотын Жуулчны мэдээллийн төв, фермерийн аж ахуйгаар зочлон үйл ажиллагаатай нь танилцав.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Гоүлбурн хот нь 1863 онд байгуулагдсан бөгөөд 30 мянга гаруй хүн амтай, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн хот юм. Гоүлбүрн хот Налайх дүүргээс гадна АНУ, Япон, Зүүн Тимор, Уганда улсын хотуудтай харилцаа тогтоож, хамтран ажилладаг аж.

Холбоотой мэдээ