Нийлэг уутны хэрэглээ, импортыг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-01 18:38:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гялгар уутыг хилээр оруулж ирэх, худалдаа, үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 189-р тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Хуулийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байцаагч нар газар дээр нь хянан ажиллаж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж байна.

Өглөөний 09.30 цагийн орчим нийслэлийн долоон буудалд орших “Тайж”, “Хөвсгөл” зэрэг хүнсний дэлгүүрээр ороход, худалдагч нар “Гялгар уут хэрэглэхийг хориглосныг мэдэж байгаа. Харин гялгар уутыг юугаар орлуулахаа л сайн ойлгохгүй байна” хэмээж байв. Үүнээс гялгар уутны оронд юу хэрэглэх, нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар нарийн мэдлэггүй байгаа нь харагдаж байна. Засгийн газрын тогтоолд, 0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон.

Тодруулбал, худалдаа үйлчилгээ эрхлэхдээ дээр заасан хэмжээнээс нимгэн, нийлэг уутыг ашиглах, бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ цуг зарж борлуулах хориотой. Үүнд цэнхэр, улаан судалтай уутнууд, мөн хувцасны дэлгүүрүүдэд бараа хийж өгдөг олон төрлийн уут багтаж байгаа юм. Эдгээр нь олон удаагийн хэрэглээ даадаггүй, 1-2 удаа хэрэглээд хаядаг учир байгаль орчинд хортой хог болдог. Ийм уутнуудыг хязгаарласнаар, илүү чанартай буюу 0.035 мм-ээс зузаан уутыг худалдаа үйлчилгээнд ашиглах боломж гарч буйг БОАЖЯ-наас мэдэгдэж байсан.

Гэхдээ хогийн уут болон хувь хүний хэрэглэж буй гялгар уут, мөн үйлдвэрлэлийн савлагаатай, хүнсний зориулалтаар ашигладаг гялгар уутыг хориглоогүй. Гол нь хогийн уут нь шууд харахад хог хаях зориулалттай гэдэг нь мэдэгдэхүйц байх ёстойг Засгийн газрын тогтоолд заасан. 


Зөвхөн дотоодын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон импортоор оруулж ирэх гялгар уутны эх үүсвэрийг хянаж, хориглож эхэлснээр аажимдаа нийлэг уут өдөр тутмын хэрэглээнээс шахагдаж, хүнсний зориулалттай уутнууд л хэрэглээнд үлдэх учиртайг БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган тодотгож байна.

Тогтоолыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгох юм. 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ