“Жигүүр гранд групп”, “Гоёо” компани ажлын байранд бүртгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 4-7-нд “Ажлын байрны өдөрлөг”-болно. Өдөрлөгийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Жигүүр гранд групп” ХХК, “Гоёо” компанитай хамтран зохион байгуулах юм байна.
Өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 гаруй ажлын байранд бүртгэх, ажлын ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм. Тодруулбал, энэ сарын 4,5-нд “Жигүүр гранд групп” ХХК 150 гаруй ажлын байранд, 6,7-ны өдөр “Гоёо” ХХК 160 гаруй ажлын байранд бүртгэх юм байна.
Нийслэлийн Хөдөлмөр
эрхлэлтийн газар 2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан
нийтлэг үйлчилгээ, ажлын байрны өдөрлөг, ажлын ярилцлага, хүүхэд түр саатуулах,
дундын оффис, анхан шатны дохионы хэлмэрч зэрэг хүн амын
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэлсэн.
Тус төвөөс зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөг нь ажил хайгч иргэд, ажил
олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, шат дамжлагыг
нэгтгэн чирэгдлийг багасгах зэрэг ач холбогдолтой юм.
Өнгөрсөн онд хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулж, бүртгэлтэй 5516 иргэнийг ажлын ярилцлагад хамруулснаас ажлын байрны өдөрлөг, яармагийн үеэр 1700 иргэн ярилцлагад орж, 20 гаруй хувь нь тухайн өдөртөө ажилд орох урилга хүлээн авчээ.
Өдөрлөг үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт
байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 10.00-17.00 цагийн хооронд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7511-1896 дугаараас лавлах боломжтой.