Монгол, Францын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-05 13:47:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Гуравдагч хөрш Франц Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа ”Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр хамтарсан замын зураглал гаргахаар  ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, тус улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчинтэйг нотлов.

Мөн монголын бараа бүтээгдэхүүнийг Францын зах зээлд сурталчлан таниулах, Европын Холбооны “GSP+” хөнгөлөлтийг ашиглан экспортыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт анхаарахыг хүслээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Элчин сайд Филипп Мэрлин илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны дүнд эдийн засаг өсч байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах, онцгой байдал, хиймэл дагуул, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа, хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцов.

Холбоотой мэдээ