Н.Лхагвадорж: Хүний хүчин зүйлээс шалтгаалж түймэр гараагүй гэдгийг ойлгох хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
хэмжээнд өнөөдрийн байдлаар Хүдэр, Мандал, Ерөө, Түшиг сумын нутаг дэвсгэрт түймрийн
голомттой байна.
Аймгийн Онцгой комиссын дарга
Н.Лхагвадорж дээрх түймрийн голомттой сумдын Онцгой комиссын цагийн байдалтай
танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг цаг тухай бүрд өгч ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар аймгийн
Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан ажлын баг Ерөө, Хүдэр суманд
ажиллаж байна.
Түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын
талаар аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Лхагвадоржоос
тодрууллаа.
-Аймгийн хэмжээнд хуурайшилттай
байгаагаас үүдэн маш их ойн түймэр гарч байна. Энэ нөхцөл байдалд ОБЕГ, улсын
Онцгой комисс манай аймаг руу маш сайн анхаарч, тусалж дэмжин ажиллаж байна.
Гарч байгаа түймрүүд улсын
тусгай хамгаалттай газрын гүн рүү хөвчид, хүн хүрэх боломжгүй нөхцөлд гарч
байгаа нь нэлээд хүндрэлтэй байгаа. Өдөрт 5-6 удаа ОБЕГ-ын харьяа агаараас эрэн
хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1111 агаарын хөлгөөр алба хаагчдыг тээвэрлэн
хүргэж байна.
Мөн манай аймгаас гадна ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Говьсүмбэр,
Өвөрхангай, Өмнөговь, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумдын
аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнууд, иргэд гээд нийт 400 гаруй алба
хаагч дайчлагдан ажиллаж байна.
-Аймгийн зүгээс ямар арга хэмжээ авч байна?
-Бид уламжлалт аргаар овоо
тахих үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг УЦУОШТ-ийн хамт олон маш сайн зогсолтгүй зохион байгуулж байгаа. Үүний
хүчинд тодорхой хэмжээгээр хур тунадас орсон.
Нэг онцлог нь манай хойд хөрш
ОХУ-д маш их ойн түймэр гарч байгаатай холбогдуулан хойноосоо агаарын
хуурайшилт орж ирж, үүлний масс цуглахгүй байна.
Тиймээс бид баруун талаасаа орж
ирж байгаа Булган, Орхон аймгаас ирэх үүлний массыг цуглуулж нөлөөлөх үйл
ажиллагааг явуулж байна.
-Иргэд олон нийтэд хандаж юу хэлэх вэ?
-Хүний хүчин зүйлээс шалтгаалж
түймэр гараагүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Цахим сүлжээнд түгж байгаа ташаа
мэдээлэлд бүү автаасай гэж хүсэх байна.
Манай аймагт энэ жил хуурайшилт
маш их байгаа. Мөн хэт халалтаас үүдэн ойн түймэр гарч байгаа. Түүнээс биш аялагч,
амрагчид түймэр тавиад байгаа юм бол огт байхгүй.
Дээр нь 2017 онд шатсан ойтой
тусгай хамгаалттай газруудад их түймэр гарч байна. Эдгээр газрууд өөрөө шатсан
ойтой, унанги хөвд ихтэй байдал нь ихээхэн нөлөөлж байгаа юм.
Эндээс ажиглахад бид шатсан
ойгоо маш сайн цэвэрлэх юм байна гэсэн бодол төрж байна.