Таван асуудал шийдвэрлэж өгөхийг Шадар сайдад уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-11 13:01:35

Сүхбаатар /МОНЦАМЭ. / Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрсөн өвөл хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан байсан. Энэ нь хаврын хуурайшилт ихтэй, нийт нутгаар түймэр гарах эрсдэлийн гол шалтгаан болжээ. Гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд таван асуудал шийдвэрлэж өгөхийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинг Сүхбаатар аймагт ажиллах үеэр уламжиллаа. 

Тэрээр, Сүхбаатар аймаг түймрийн эрсдэл өндөртэй аймаг гэдгийг онцлоод, шуурхай зарлан мэдээллийн төвийг тохижуулан ашиглалтад оруулах, Эрдэнэцагаан сум дахь гал түймэр унтраах, аврах анги, Түмэнцогт сум дахь салбарт авто машин шийдвэрлэх, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн орон тоог нэмэх, Дарьганга суманд гал түймэр унтраах бүлэг байгуулах зэрэг таван асуудлыг шийдвэрлэж өгөхийг санал болголоо.

Харин Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин дээрх асуудлуудыг анхааралдаа авч, зохих түвшинд шийдвэрлэхийг хичээн ажиллахаа илэрхийлэв.  

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2018 онд таван сумын нутагт 14 удаагийн түймэр гарч, 91963 га газар шатжээ. харин 2019 он гарсаар нэг удаагийн хээрийн түймэр Сүхбаатар сумын нутагт гарч, 480 га газар шатсан бол объектын 10 удаагийн түймэр гарчээ. Шалтгааны дийлэнх хувийг аянга цахилгаан, ил задгай асгасан үнс нурам, хог эзэлж байна.

Холбоотой мэдээ