Цагдаа нарын ээжийн сургаалаар ном бүтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Энхрий эрдэнэ сан”-гийн тэргүүн, мисс Э.Энхриймаа монгол цагдаа нарын ээжийн сургаалаар “Хатан ухаант ээжүүдийн сургаал” номынхоо шинэ цувралыг бүтээж, дээжийг нь Мөрдөн байцаах албаны удирдлага, алба хаагч нарт өчигдөр гардуулав.
Ном гардуулах үеэр “Энхрий эрдэнэ сан”-гийн тэргүүн, мисс Э.Энхриймаа хэлэхдээ, “Дэлхийн мисс тэмцээнд оролцоход Монгол Улсын маань хүч чадал, ард түмэндээ оршдог гэдгийг мэдэрч монгол ээж, эмэгтэй хүний гайхамшигт авьяасыг бүтээсэн ном, тавьсан илтгэлээрээ олон улсын гоо сайхны тайзанд батлан харуулахыг хүсэж, хичээсний дүнд, хүмүүнлэгийн төслөөрөө “Шилдэг-20”-д шалгарсан минь нийгмийн сайн сайхны төлөө ажиллах урам зоригийг бадраасан.
Ингээд, "Эх орныхоо энх амгалангийн төлөө эрэлхэг зоригтой иргэнийг бэлтгэж өгсөн цагдаагийн ээж та нартаа дахин талархаж Монгол улс тайван амьдарч байна. Монгол ээжийн сургаал, зөвлөмжийг олон нийт тэр дундаа залуу эцэг эх сургамж болгон аваасай. Энэ номд олон эхийн нандин сургаал үгс, итгэл, сэтгэл, хайр шингэсэн болохоор айл бүрт, иргэн бүрт аз жаргалыг бэлэглэх ид шидийн судар байгаасай гэж би хүсэж байна” хэмээв.
Э.Энхриймаа 22 настай, Эрдэнэт хотын уугуул, Орос 14 дүгээр сургуулийг дүүргэсэн, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Олон улсын нягтлан бодогчийн IV курсын оюутан, орос, англи хэлтэй юм. 21 насандаа "Miss world 2018" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон билээ.