Өндөр гэгээний нутагт яруу найрагчдын хөрөг зургаар үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-03-13 16:44:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр гэгээн Занабазарын өлгий нутаг буюу Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнг нээлээ. Энэ нь суман дахь анхны уран зургийн галерей юм.

МЗЭ-ийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын ИТХ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Яруу найргийн үндэсний төв, "Сендрила" галерейгаас хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулжээ. Үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн манлайлал болсон 25 зураачийн бүтээсэн, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд үе үеийн шилдэг найрагчийн 40 гаруй хөрөг зургийг дэлгэжээ.


Энэ үеэр сумын дунд сургуулийн сурагчдын дунд “Миний мэдэх яруу найрагч” яруу найргийн наадам болж нийт 70 шахам сурагч оролцсоноос 11 дүгээр ангийн сурагч У.Дэжидмаа тэргүүн байр эзлэв. Тус сумын ЕБС-д 320 сурагч суралцдагаас 70 орчим сурагч нь яруу сайхан эх хэлээрээ шүлэг, эссэ бичсэн байна.



“Бурхан бумбын орон” галерейн сан хамрөгт сум нэгдлийн захиалгаар бүтээсэн зургуудаас гадна орчин цагийн нэртэй зураачдын бүтээлүүд ч байдаг аж.


“Энэхүү галерейг нээснээр, манай сумын ард иргэд, хүүхэд гоо зүйн боловсрол, танин мэдэхүй, аялал жуулчлалын салбарт ч онцгой өөрчлөлт гарна. Галерейг сэдэж санаачилсан зураач С.Чулуунбаатартаа талархаж байна” гэж Есөн зүйл сумын Засаг дарга Д.Мөнхбаяр хэллээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нарын албаны хүмүүс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, тус галерейг үүсгэн байгуулагч, зураач С.Чулуунбаатар болон МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн, “Утга зохиол урлаг” сонины эрхлэгч Ж.Баяржаргал, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Лхагва, нутгийн засаг захиргаа болон нутгийн үзэгч түмэн оролцсон юм.

Холбоотой мэдээ