Батлан хамгаалахын сайдад иргэдийн хүсэлтийг уламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-17 18:01:22

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, Баянзүрх, Налайх дүүргийн иргэдээс гаргасан санал хүсэлтийг нэгтгэн салбарын сайдад уламжиллаа.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах БАМ-ын байрны хувьчлалын асуудлыг шийдэх, цэргийн ангиас тэтгэвэрт гарсан, амьжиргааны түвшин доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний  газраас батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд тусгагдсан инженерийн шугам сүлжээ орон сууцны барилга барих газарт БХЯ, ЗХЖШ-ын эрх мэдлийн зарим барилгууд байршиж байгаа тул газрыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, Налайх дүүрэгт байрших  Нисэх хотхоныг цэрэг, иргэний зориулалтаар ашиглах бололцоо, боломжийг бүрдүүлэх  талаарх иргэдийн санал хүсэлтийг гишүүн Ж.Батзандан Батлан хамгаалахын сайдад танилцуулав.

Дээр дурдагдсан  асуудлаар хамтран ажиллаж богино хугацаанд  тэдгээрийг шийдвэрлэхийн төлөө ажиллах боломжтой гэдгээ сайд илэрхийллээ. Түүнчлэн Батлан хамгаалахын яам цэргийн алба хаагчдыг хувийн орон сууцтай болгох бодлого баримталж байгаа бөгөөд “Орон сууцны сан”-нд бүртгүүлж  тодорхой банкинд данс нээж хуримтлал үүсгэх, ипотекийн зээлээр орон сууц авах боломжийг бүрдүүлэх талаар ажиллаж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд