Их хэмжээний зөвшөөрөлгүй тариа хил нэвтрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-14 12:26:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь гаалийн газрын алба хаагчид Умард Солонгосоос энэ сарын 11-нд зөвшөөрөлгүй хилээр оруулсан 3200 ширхэг "Kumdang" гэх тариаг илрүүлж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  


Монгол Улсын иргэн "Н"-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа тээшийг шалгахад, дээрх зөрчил илэрчээ. Гаалийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна. 



Эм, тариа, эмнэлгийн хэрэгслийг импортлоход, эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, гаалийн байгууллагаас зөвшөөрөл авч хил нэвтрүүлдэг. Иймд зохих зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээд улсын хилээр хууль бусаар эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Дашрамд дурдахад, Энэхүү тариа нь элэгний цирроз, асцит, нойр булчирхайн үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчинд хэрэглэдэг юм байна. Умард Солонгосын Кесон мужид ургадаг хүн орхоодойгоос гарган авсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд Инсамын полисахарид болон бага хэмжээгээр Алт (Au), Цагаан алт (Pt), мөн газрын ховор элемент болох Церий (Ce), Лантан (La),  Празеодим (Pr), Неодим (Nd), Самарий (Sm) зэргийг агуулдаг аж.

Холбоотой мэдээ