Эрдэмтэд Якутын арслан зааныг “амилуулж” чадсангүй

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-03-14 16:03:27

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ болон Японы молекулын биологийн эрдэмтэд Якутын Юка арслан зааны эсийн голд орших бөөмийг амжилттай гарган авч, хулганы өндгөн эсэд шилжүүлэн суулгасан боловч бүрэн “амилуулж” чадаагүй байна. Арслан зааны ДНХ-г “дахин амьдруулах” туршилтын үр дүнгийн талаарх нийтлэлийг “Scientific Reports” сэтгүүлд нийтэлжээ.


“Бид таван бөөм гаргаж авсан. Тэдгээрт эсийн хуваагдалд орох шинж тэмдэг илэрч байсан боловч нэг нь ч арслан зааныг амилуулах хэмжээнд хуваагдаж чадаагүй. Миний бодож байгаагаар, бид энэ зорилгод хүрэхэд маш хол байна” гэж Японы Вакаяма мужийн Киндай их сургуулийн эрдэмтэн Кей Миямото ярьсан байна.


2010 оны зун Якутын Юкагир суурингийн оршин суугчид Лаптевын тэнгисийн эргээс арслан зааны үлдэгдэл олжээ. Ховор олдворыг Юка гэж нэрлэсэн байна. Уг үлдэгдэл ойролцоогоор 29 мянган жилийн өмнө 8-10 настайдаа үхсэн эм арслан зааных гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж. Энэ амьтны үлдэгдэл хэзээ ч гэсээгүй, байнга хөлдүү байсан учир маш сайн хадгалагдан үлджээ.


Уг олдвор ОХУ, Өмнөд Солонгос, Япон болон бусад орны биологичдын анхаарлыг ихээхэн татсан юм. Тэд арслан зааны хөлдүү эд эсээс бараг гэмтээгүй ген олж авна гэж найдаж байв. Юкад “амьд” эс байгаа бөгөөд эрдэмтэд  мөстөлтийн үеийн энэ аварга биет амьтныг эсийн аргаар хувилан “дахин амилуулж” чадна гэх дам яриа тарсан юм.


Холбоотой мэдээ