Осолдсон нисэх онгоцны “хар хайрцгуудыг” Франц руу илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-14 16:53:30

АДДИС-АБЕБА. /TASS/.  Энэ сарын 10-нд осолдсон “Boeing 737 MAX 8” нисэх онгоцны “хар хайрцгуудыг” Францын нийслэл Парис хот руу илгээлээ гэж Этиоп улсын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компани “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


“Этиоп улсын Агаарын ослыг мөрдөн шалгах товчоо /Accident Investigation Bureau, AIB/ параметрийн бичлэг /Flight data recorder/ болон ярианы бичлэгийг /Cockpit voice recorder/ тайлж, дүгнэлт гаргах зорилгоор хайрцгуудыг Парис руу илгээлээ” гэж мэдээлэлд дурдсан байна.


“Хар хайрцгуудыг” Франц руу илгээнэ гэж AFP агентлаг урьд нь тус улсын Иргэний нисэхийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх, шалгах товчооны /BEA/ төлөөлөгчдийн мэдээллээс иш татан уламжилжээ. BEA-гийн шинжээчид бичлэгүүдийг тайлах аж. 


“Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” онгоц энэ сарын 10-нд Этиоп улсад осолдож, 157 хүн амиа алджээ. Ослын газраас хоёр “хайр хайрцгийг” хоёуланг нь олсон байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд Индонез улсад мөн ийм загварын нисэх онгоц осолдож 189 хүн амиа алдсан билээ. Ослын дараа “Boeing 737 MAX” онгоцны нислэгийг олон оронд түр зогсоосон байна. 

Холбоотой мэдээ