Х.Баттулга:Төрийн их үйл хэргийн тулгуур багана нь монгол цэрэг байсаар ирсэн

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-03-15 15:00:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэв. Тус хурал өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад болсон юм. 

1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат ойн баярын илтгэл тавьснаар баярын хурлыг албан ёсоор нээв.



Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.



Тэрбээр, "Монгол цэргийн өдрѳѳр Та бидэнд туурга тусгаар улсыг өвлүүлсэн өвөг дээдсийнхээ, эх орноо амиа дэвсэн хамгаалсан хатан зоригт цэрэг эрсийнхээ үйл хэргийг дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, эх орноо батлан хамгаалах үйлсийг ѳвлѳн зүтгэж яваа цэргийн албан хаагчиддаа талархах учиртай юм.


Монголын түүх бол Монгол цэргийн түүх. Түүхийн аль ч үед төрийн их үйл хэргийн тулгуур багана, гардан хэрэгжүүлэгч нь монгол цэрэг байсаар ирсэн юм.


Манай орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан цагаасаа үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бат найдвартай хамгаалж ирсэн дайчин түүхтэй. Орчин цагийн Зэвсэгт хүчний анхны томоохон сорилт нь Халх голын байлдаан байсан. Энэ онд Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа бѳгѳѳд энэ байлдаанд Монголын зэвсэгт хүчин ЗХУ-ын армитай хамтран оролцсоноор тусгаар улсын статусыг баталгаажуулах урьтал нөхцөлийг бүрдүүлэн, эх орноо батлан хамгаалах чадвартай болохоо дэлхий дахинд илтгэн харуулсан билээ.


Тусгаар тогтнолоо сэргээх, хамгаалах, баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх энэ үйл явц нь ээдрээ нугачааг туулан он цагийг элээсээр 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан юм.


Дэлхийн улс төрийн нөхцөл өөрчлөгдѳж, хүйтэн дайн төгсгөл болж нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт явагдсанаар улс орныг батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах үзэл номлол, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бидэнд бий болсон билээ. Зэвсэгт хүчин цэргийн шинэчлэлийн бодлогыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилж байна.


Батлан хамгаалахын багц хуулиар, Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг юм.



Монгол цэрэг өнөөдөр Монгол Төрийн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг бодитоор хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нөхцөлийг бүрдүүлэн дэлхийн халуун цэгүүдэд монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлсээр байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна. Баяр хүргэе.


Манай Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 17 жилийн хугацаанд цэргийн зөвлөх, ажиглагч, холбогч, штабын офицерууд үүргээ амжилттай гүйцэтгэж буй талаар хошууч генерал Р.Сүхбат илтгэлдээ тодорхой дурдсан.


Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох бүтээн байгуулалтын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээт суманд, ойг цэвэрлэн ойн санг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумаас эхлүүлж, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний алба хаагчид гар бие оролцож байна.


Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий Бүтээн байгуулалт, барилга, инженерийн бие даасан нэгжийг удахгүй байгуулах болно.


Харамсалтай нь, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болж, хуулийн хүрээнд нэмэлт орлоготой болгохоос гадна мэргэжил эзэмшүүлснээр албанаас чөлөөлөгдсөний дараа нийгмийн баталгаа нь хангагдах эерэг үр дүнтэй энэ бодлогыг хэрэгжүүлэхэд улс тѳржилт, хоосон цэцэрхэл асар их саад учруулж, хугацаа алдуулж байна. 


Та бид хамтдаа зорьсон зорилго, зорилтдоо хүрч бүтээн байгуулалтад дорвитой хувь нэмэр оруулахаа нотлон харуулах болно гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэн дэмжээрэй” гэлээ.

Холбоотой мэдээ