"Нойрны төв"-ийг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа нойрны өвчлөлийг оношилж, эмчлэх цогц үйлчилгээ үзүүлэх төв буй боллоо. Энэхүү “Нойрны төв” -ийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-т өнөөдөр нээсэн юм.
Тус эмнэлэгт ноднин Австри Улсын 7 сая еврогийн төслөөр багаж тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийхдээ, Нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр, Эерэг даралт, тогтмол агаарын гурван багажийг Герман, Япон Улсаас худалдан авчээ.
Тус төв ноднин 11 сараас хойш ажиллаж, одоо 37 үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд дэлхийн нойрны өдрийг тохиолдуулан өнөөдөр нээж байгаа юм.
ТТАХНЭ-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны тасгийн дарга, хошууч Д.Шүрэн, “Монгол Улсад нойрны олон үйлдэлт бичлэгийн аппарат байдаггүй байсан учир, “би унтахгүй байна” гэсэн үгээр нь л иргэдийг оношилж байсан юм. Энэхүү аппараттай болсноор нойргүйдлийн эмгэгийн төрлийг оношилж, эмчилдэг цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ” хэмээв.
ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, “Энэхүү төв нь төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт байгуулагдсан ч жирийн иргэдэд үйлчилнэ. Алба хаагчдаас гадна нойрны эмгэгтэй бүх л хүмүүс ирж үйлчлүүлэх боломжтой. Энэхүү төв нь нойрны өвчлөлийн бүх л төрлийг оношилж, эмчлэх бүрэн чадавхитай. Тухайлбал, хурхирах, нойрон дундаа амьсгал тасалддаг эмгэгтэй хүмүүсийг тогтмол агаарын аппаратаар эмчлэх юм” гэв.
Хурхирах, амьсгал тасалдах эмгэг нь хүний амь насанд эрсдэлтэй буюу зүрхэнд цус хомсдох, тархинд цус харвах, чихрийн шижин үүсгэх зэрэг олон өвчний шалтгаан болдог байна.
Монгол Улсын хэмжээнд анх удаа нээгдэж буй тус төвөөр, жирийн иргэд тодорхой төлбөрөөр оношлуулах бол, Төрийн тусгай албан хаагчдын гэр бүлийнхэн даатгалаараа үзүүлэх боломжтой аж.
Дашрамд дурдахад, “Нойрны эмгэг нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудал бөгөөд 2018 оны судалгаагаар АНУ-д 40 сая хүн нойрны эмгэгтэй байна гэж бүртгэгджээ. Дэлхийн хүн амын 4-10% нь нойронд амьсгал тасалдах эмгэгтэй, 22% нь хөл үечлэн хөдлөх эмгэгтэй байна гэсэн тоо баримт байдаг. Манай оронд 2015 онд хийсэн асуумж судалгаагаар, хүн амын 32% нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Нойр нь эрүүл амьдрахын үндэс суурь бөгөөд нойрны эмгэгээс болж даралт ихсэх, зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах, бэлгийн үйл ажиллагаа сулрах гэх мэт ноцтой хүндрэлүүдийг дагуулдаг.
Гэрэл зургийг: Б.Чадраабал