Хилээр нэвтрэхдээ дайвар ачаа авахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-15 18:33:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, гаалийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, Монгол Улсад бүртгэлгүй эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл хил нэвтрүүлэхээр завдахад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай юм.

Сүүлийн үед дээрх зөрчил олширч байгаа тухай Гаалийн ерөнхий газраас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр анхааруулж байв.

Гаалийн ерөнхий газрын гаалийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Тамир, "Гаалийн байгууллага энэ оны эхний хоёр сарын байдлаар 325 хууль бус үйлдэл илрүүлснээс, 15 нь гэмт хэргийн шинжтэй байлаа. Эдгээр нь хар тамхи, эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой хэргүүд байсан. Тухайлбал, энэ сарын 11-нд Улаанбаатар хотын гаалийн газарт Умард Солонгосоос иргэн Н-ийн нэр дээр хил нэвтэрсэн 70 кг жинтэй, 2 хайрцагтай “хувийн хэрэглээний” гэх барааг шалгахад, Кумданг гэх нэртэй 3200 ширхэг тариа байсан. Гаалийн алба хаагчид холбогдох хууль журмын дагуу яаралтай арга хэмжээ авч, эрүүгийн хэрэг үүсгэн, Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ” гэв.

Мөн энэ оны эхний хоёр сард хар тамхи хил нэвтрүүлсэн таван зөрчлийг илрүүллээ. Иймд иргэд энэхүү зөрчлөөс сэргийлэхийн тулд хил давах, нэвтрэхдээ бусдын дайвар ачаа авахгүй байхыг анхааруулав.

“Өнгөрсөн оны байдлаар гаалийн байгууллага 2 028 зөрчил илрүүлж, 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Эдгээрийн 63 нь санаатай үйлдсэн гэмт хэрэг байгаа”-г мөн онцлов.


Дашрамд дурдахад, дээрх "Кумданг" тариа нь Умард Солонгосын хүн орхоодойгоос гаргаж авсан, элэгний цирроз, асцит, нойр булчирхайн үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчинд хэрэглэдэг эм юм байна. Гэхдээ манай улсад зөвшөөрөөгүй тул дээрх эмийг улсын хил нэвтрүүлэх хориотой юм. 

Гэрэл зургийг: Н.Батбаяр

Холбоотой мэдээ