Орхон аймагт “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм” байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-16 22:46:46
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Өсвөр насныхны дунд тамхидалт, архидалт, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ өсөх хандлагатай байгаа тул ерөнхий боловсролын сургуулиудад “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм” байгуулахаар боллоо. 

Үүний хүрээнд аймгийн зөвлөгөөнийг аймаг, сумын ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, БСУГ, ХГБЗХГ хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр сурагчдад эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хамгаалах арга зүйн зөвлөмж, сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, эцэг эх, нийгмийн ажилтны хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээнд ярилцлаа.

Хүүхдийн оролцоогоор дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй байдаг тул ийнхүү сургууль бүрт бүлгэм байгуулж байгаа ажээ.

“Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”–ийг ХЗХДЯ, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд байгуулж оролцоог нь хангахад тухайн сургууль, эцэг, эх, хууль хяналтын байгууллага хамтран ажиллахаар тусгасан байдаг. Үүнийг үндэслэн Орхон аймаг сайн дурын бүлгэм байгуулах эхний зөвлөгөөнөө зохион байгуулсан нь энэ юм.

Дашрамд дурдахад, Орхон аймагт өнгөрсөн онд 22 гэмт хэрэгт 30 хүүхэд холбогджээ. 

Холбоотой мэдээ