Есөнзүйл суманд бага сургуулийн барилга ашиглалтад орлоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-03-19 18:07:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өндөр гэгээний төрсөн нутаг Есөнзүйл суманд бага сургуулийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн өртгөөр барьсан тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд С.Чинзориг болон аймгийн удирдлагууд оролцсон юм. Есөнзүйл сумын ерөнхий боловсролын дунд сургуульд 432 хүүхэд суралцдаг бөгөөд тэдний 200 гаруй нь бага ангийнх аж.

Шинэ барилга ашиглалтад орсноор бага ангийн 10 бүлгийн хүүхдүүд дунд ангийнхнаас тусдаа хичээллэх боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь дунд анги өглөө ээлжинд, бага ангийнхан үдээс хойш хичээллэдэг байсан болохоор дугуйлан секц хичээллүүлэх боломж тун хомс байв.

Эдгээр бүх асуудал шийдэгдэж, Зүйлийн жаалууд хүссэн дугуйландаа сурч хөгжих боломжоор бүрэн хангагдахаар боллоо.

Холбоотой мэдээ