Өрхийн эрүүл мэндийн төвүүд дөрвөн төрлийн багц тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-20 11:56:56

Увс /МОНЦАМЭ/. 2018 оны 10 дугаар сараас эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүд дөрвөн төрлийн багц тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Тухайлбал, сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ зэргийг үзүүлэхээс гадна шинжилгээ авдаг болжээ. Одоогоор цус, шээсний шинжилгээг аймгийн төвийн дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвд авч байна. 

Өмнө нь энэ төрлийн шинжилгээг зөвхөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид авдаг, ачаалал ихтэй хэцүүхэн байсан бол өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээ авах болсноор иргэдийн хувьд хүндрэл чирэгдэлгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэх боломж бүрдсэн байна.  

Улаангом сумын “Дун цагаан” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон өнгөрсөн жил умайн хүзүүний эсийн шинжилгээг 356 хүн, цус, шээсний шинжилгээг 107 хүнээс авчээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар 86 хүн зүрхний цахилгаан бичлэг хийлгэж, 300 гаруй хүн цус, шээсний шинжилгээ өгөөд байна.

Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төв нь Улаангом сумын 3, 5, 7, 8, 10, 12-р багийн 2511 өрхийн 10179 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус төвд их эмч дөрөв, сувилагч тав, жолооч нэг, туслах ажилтан нэг ажилладаг бөгөөд тэдний хариуцсан хэсэгт 16-49 насны эмэгтэй 2751, 0-5 насны хүүхэд 1142, ахмад настан 623, хөгжлийн бэрхшээлтэй 361 иргэн байдаг аж.


Холбоотой мэдээ