Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг эх орондоо хийж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-03-19 17:49:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ 200 гаруй хүнд нүдний мэс засал амжилттай хийжээ. Ингэснээр нүдний салбарт ахиц гарч, гадаадад болон хувийн эмнэлэгт хийдэг байсан өндөр төлбөртэй хагалгааг эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгт хийх боломж бүрдсэн байна.

Тус эмнэлэг өдөртөө 50-60 төлөвлөгөөт мэс засал хийдгээс нүдний гэмтэл, ухархайн хугарал, даралт бууруулах, зовхи, нулимсны суваг, болор, эвэрлэг, торлог, шилэнцрийн мэс засал 15 орчим хувийг эзэлдэг.

Нүдний өвчний эмчилгээ оношилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард тус эмнэлгийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскоп, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулсан. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд нүдний тусламж үйлчилгээг ард иргэдэд цаг алдалгүй, чанартай үзүүлж байна.

Цаашид тус эмнэлэг нүдний торлог шилэнцэр, цээжний хөндий, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, резиденсийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Канад улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ