Энэ оныг "Бүтээн байгуулалт-Ажлын байрыг нэмэгдүүлэх жил" болгон зарлажээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-03-19 20:49:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2019 оныг "Бүтээн байгуулалт-Ажлын байрыг нэмэгдүүлэх жил" болгон зарлажээ.

2019-2020 онд тус аймагт улсын төсвийн 70,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийгмийн бодлогын асуудал болсон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, спортын заал, соёлын төвүүд гэх мэт бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Томоохноос нь танилцуулбал, “Тайшир-Алтай” төсөл буюу Гэгээн нуурын усыг Алтай хотруу татах,Тайшир сумаас Алтай хотын чиглэлийн өндөр хүчдэлийн 35квт-ын шугамыг 110квт болгон шинэчлэх аж. Ингэснээрээ тус аймгийн төвд томоохон үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж бүрдэх юм.

Мөн Говь-Алтай Улаанбаатар чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замын ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гэхэд эцэслэн шийдэж гүйцэтгэгч компаниуд нь ажлаа үргэлжлүүлэхгүй бол дараагийн компанитай гэрээ байгуулж ажиллана гэдгийг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар  Ерөнхий сайд мэдэгдсэн учир авто замын ажлыг ч үргэлжлүүлэн хийнэ. 

Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсөв нийлээд тав гаруй тэрбум төгрөгөөр иргэдийн саналд тулгуурласан ажлуудыг хөдөө сум орон нутагт хийх ажээ.

Холбоотой мэдээ