УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл болон Ашигт малтмалын
тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ
худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Энэ үеэр Б.Пүрэвдорж гишүүн, “АН-ын бүлгээс УИХ-ын даргад ЖДҮХС-гаас
хамаарал бүхий компани нь зээл авч, яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн
эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх санал
хүргүүлсэн. Энэ асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх хэрэгтэй” хэмээв.
Улсын ерөнхий прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өргөн мэдүүлээгүй гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Мөн прокуророос уг асуудлыг өргөн мэдүүлсний дараа намын бүлэг, байнгын хороо чуулганаар хэлэлцүүлэх боломжтой гэдгийг хэлсэн юм.
Ийнхүү чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.