Татварын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг түр завсарлага авлаа.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Татварын ерөнхий
хуулийн төсөлд хууль зөрчсөн заалтууд бий. Тухайлбал, бусдын өмчийг өр
барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэргүйгээр хураах заалт орсон нь Үндсэн
хуулийг зөрчинө. Мөн Татварын алба битүүмжилсэн өмчийг дуудлага худалдаанд
оруулахдаа анхны үнийг тогтоодог байхаар заасан. Татварын байгууллага татвар
хураах байгууллага байхаас эд хөрөнгийн үнэлгээ хийдэг байж болохгүй. Тиймээс
хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг эдгээр заалтыг
өөрчлөх хэрэгтэй. Иймээс АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авах
хүсэлтэй байна” гэлээ.
Ээлжит бус чуулган богино хугацаанд хуралдах тул хуулийн төслүүдийн талаар
урт хугацааны завсарлага өгөх боломжгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлав. Ингээд
АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өгснөөр чуулганаар Ашигт малтмалын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.
Татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан
шийдвэрлэх, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг
ойлгомжтой болгох, олон улсын татварын
шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, татварын бааз
суурийг өргөжүүлэх зорилгоор уг хуулийн
төслийг боловсруулжээ. Одоо үйлчилж байгаа хуулиар аж ахуйн нэгжүүд татварын өр
төлөх хугацааг хоёр сараар тогтоосон байна. Харин шинэчилсэн найруулгын төсөлд
тухайн байгууллагын санхүүгийн асуудалд тулгамдсан асуудалтай уялдуулан 2 жил
хүртэлх хугацаанд татварын өр төлөх хугацааг сунгахаар тусгажээ. Мөн жилийн
борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн
татварын 90 хувийг хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.