ЦЕГ-ын автобааз 13 автомашинаар парк шинэчлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Автобаазад улсын төсвийн хөрөнгөөр, хөдөлгөөнт эргүүлийн зориулалтын тоноглолтой "Хьюндай аксент" маркийн 13 автомашин өчигдөр гардуулав.
Авто баазад одоо байгаа нийт машины 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь нь 6-10 жил, 12 хувь нь 11-15 жил ашиглаж байгаа бол 6 хувь нь 16-аас дээш жилээр үүрэг гүйцэтгэжээ. Тиймээс ноднин тус баазын удирдлагууд хамгийн их элэгдсэн хөдөлгөөнт эргүүлийн автомашинд парк шинэчлэл хийх шаардлагатай байгаа саналаа ХЗДХЯ-нд хүргүүлсэн юм.
Автомашин гардуулах ёслолд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, ЦЕГ-ын дэд дарга, хурандаа З.Дашдаваа, Санхүү, Аж ахуйн албаны дарга, хурандаа Ж.Эрдэнэболд нарын албаны хүмүүс оролцов.
Автомашиныг нийслэлийн төвийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэст хуваарилан, жолооч нарт түлхүүрийг нь гардууллаа.