Мэдээлэл, технологийн гарааны компаниудыг Азид гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-21 18:58:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапурт болох олон улсын мэдээллийн технологийн “Market access program”-д манай улсаас гурван байгууллагыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах гэж байна.

Үүний өмнө Монголд хэрэгжүүлж буй “Access asia” буюу “Экспортын хурдасгуур хөтөлбөр”-ийн дагуу дээрх гурван байгууллагын төлөөллийг Сингапурт аваачиж бэлтгэл хангах талаар МТҮП-ийн захирал Ц.Содномдамба мэдээлэв.

Тэрээр, “Манай байгууллага дэлхийн шилдэг иннноваци, гарааны бизнесийг дэмжигч байгууллагуудтай холбогдож, өөрийн орны ЖДҮ болон гарааны компаниудыг олон улсын зах зээлд гаргах боломж, үүд хаалгыг нээхээр ажиллаж байна. Үүний нэг томоохон эхлэл нь “Азийн силикон валлей” гэж нэрлэдэг Сингапурын төрийн “АСЕ Сингапур” байгууллагатай хамтран ажиллаж байна. Ирэх намар Азийн залуу энтрепренер хөтөлбөрийг эх орондоо явуулж ялагчдыг мөн Сингапурт өрсөлдүүлнэ. Энэ утгаар монголчууд Ази тивдээ гарах “Оюуны торгоны зам” эхэлсэн” гэж онцолж байна.


“Market access program” хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд Австрали, Англи, Филиппиний Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд амжилттай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, өндөр туршлагатай, мэргэшсэн менторуудын удирдлага дор бэлтгэгдэн шалгуулж, үзүүлэлт хангасан компаниуд энэ оны долдугаар сард Сингапурт болох “Маркет aссess program”  хөтөлбөрт санхүүгийн хөнгөлөлттэй хамрагдах аж. Цаашлаад Камбож улсад зохион байгуулах Азийн бизнесийн холбооны 2019 оны чуулганд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Азийн зах зээлд нэвтрүүлэх юм.


Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн хурдацтай хөл нийлүүлэн бизнесээ өргөжүүлэн, бүс нутгийн бизнесийн тоглогч болох өндөр үр дүнтэй, зардал, цаг хугацаа хэмнэсэн шийдлийг энэхүү хөтөлбөрөөр олгож байгааг Азийн бизнесийн холбоо”-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Энхзул онцолж байна. Тэрээр, "Аливаа зах зээлд урт хугацаанд амжилттай ажиллахын тулд тухайн зах зээлийн чадварлаг бизнес эрхлэгчид, бизнесийн зөвлөхүүдээс сайн суралцах ёстой. Мөн тухайн зах зээлд гарах стратеги төлөвлөгөөгөө тэдэнтэй хамтран боловсруулбал бизнесийн амжилтаа илт хурдасгаж, зарцуулах цаг, хөрөнгөө мэдэгдэхүйц хэмнэж чадна. Манай “Access asia” хөтөлбөр” нь Ази, Номхон далайн бүс, ялангуяа Зүүн Өмнөд Азийн зах зээлд төрөл бүрийн бизнесийг амжилттай босгон авч явж буй олон улсын экспертийн багтай хамтран бизнес бүүткэмп, байгууллага бүрт зориулсан ганцаарчилсан менторинг өгөх байдлаар явж байгаагаар анхдагч, инновацлаг, өндөр үр дүнтэй байх болно" гэж тэмдэглэж байна.

“Access asia” буюу “Экспортын хурдасгуур” хөтөлбөрт энэ гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-н хүртэл бүртгэж байгааг МТҮП-аас мэдээллээ.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

 

 

 

Холбоотой мэдээ