АХБ-наас 334 сая ам.долларын зээл авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-22 11:52:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ) хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.

Засгийн газраас 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр, Засгийн газар АХБ-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирсон. Энэ хүрээнд санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд 2019-2020 онд Монгол Улсад 334 сая ам.доллар зээл олгох болсон юм. Энэхүү хөрөнгөөр нийт зургаан төсөл хэрэгжүүлнэ. Зээлийн асуудлыг АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр батлуулахын тулд УИХ болон холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж, соёрхон батлуулах шаардлагатай юм” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Б.Дэлгэрсайхан гишүүн АХБ-ны зээлийн эх үүсвэрээс Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хөрөнгө зарцуулах эсэхийг тодрууллаа.

Уг зээлийн 30 сая ам.доллароор уг чөлөөт бүсэд хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор байгуулж, хилийн хамгаалалт, дохиолол, мэдээллийн систем нэвтрүүлнэ гэдгийг ажлын баг хариуллаа. Мөн дээрх зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, Хүнсний ногооны услалтын системийг хөгжүүлэх, Улаанбаатар-Дарханы замыг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх аж.

Монгол Улсын нийт гадаад өр 27.9 тэрбум ам.долларт хүрсэн. Тиймээс гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн үр ашгийг сайжруулахад Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг Б.Баттөмөр гишүүн хэллээ. Түүнчлэн гадаадаас зээл авахын өмнө Засгийн газар тухайн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, түүний үр дүн, эгүүлэн төлөх чадвар зэргээ нарийн тооцоолдог болох нь чухал” хэмээсэн юм.

Ийнхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ