Халдварт өвчний 9.8 хувийг сүрьеэ эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-22 13:30:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл ихтэй 7 улсын дөрөвдүгээрт жагсаж байна. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний дотор сүрьеэ нь 9.8 хувийг эзэлж байна.


Эл өдрийг дэлхий даяар “Цаг нь болсон!” уриан дор тэмдэглэж, сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлж, хамтдаа тэмцэх цаг нь болсон гэдгийг уриалж буй юм.

“Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Германы эрдэмтэн, доктор Роберт Кох сүрьеэ өвчнийг үүсгэгч нянг нээн илрүүлснээс хойш 130 гаруй жил өнгөрсөн ч уг өвчин дэлхий даяар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг  хэвээр байна.


Дэлхийд өвчнөөр нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин болж байгаа бөгөөд  жил бүр 10 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.6 сая хүн уг өвчнөөр нас барж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 230 мянга орчим хүүхэд эндэж байна.

Идэвхтэй илрүүлэг, эмчилгээний үр дүнд 2000-2015 оны байдлаар, нас баралт 22 хувиар багассан боловч цаашид энэ тоог 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ.
Өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын сүрьеэтэй тэмцэх дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж, олон сая хүний амь аврахын тулд алдах цаг мөч байхгүй болохыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей анхааруулав. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгоход улс орнуудын олон талт хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа талаар онцлон тэмдэглэсэн билээ.

Сүрьеэгээс сэргийлэх ажилд бүх салбарын оролцоо, Засгийн газар, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, хувийн салбар болон хэвлэл мэдээллийн салбар хамтран ажилласнаар сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил үр дүнд хүрч болохыг Монгол Улсын Засгийн газар болон ДЭМБ-аас онцоллоо.


Холбоотой мэдээ