Д.Амарсайхан: Хотын захын хороогоор замын цагдаа дутагдалтай байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-03-22 14:13:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 972 замын цагдаа байгаагаас 427 нь Нийслэлд үүрэг гүйцэтгэдэг ч захын хороогоор алба хаагч дутагдалтай байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэв. ЦЕГ-ын бүх алба, нэгжүүд тус газрын хэвлэл, мэдээллийн төвөөр дамжуулан албаныхаа ажлыг танилцуулж байгаа юм.



Тээврийн цагдаагийн газрын дарга Д.Амарсайхан, "Манай улс 2016 оны байдлаар нийт 970 800 орчим тээврийн хэрэгсэл, нэг сая 207 мянган жолооч, 12 105 километр хатуу хучилттай авто замтай. Үүнээс нийслэлд албан бус тоогоор, 2 сая гаруй иргэн, 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс, өдөр тутамд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972 алба хаагч ажиллаж байгаагаас 427 нь нийслэлд ажил үүргээ гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд хоногт 400 гаруй албан хаагч 117 цэг байршлыг хяналтандаа авч ажилладаг. Хотын захын хороогоор алба хаагч дутагдалтай байгаа. Цаашдаа 213 цэгийг хянах шаардлагатай байна. Монгол Улсад гол болон салбар замуудад нийтдээ 280 гаруй авто, төмөр замын гарамтай ба 122 гарам нь өндөр ачаалал бүхий нийтийн хэрэгцээний гарам юм. Үүнээс 98 гарам нь галт тэрэг ойртон ирж буй мэдээллийн дохио, тэмдгийн зохицуулалттай, гурав дөрөвдүгээр зэрэглэлийн хаалттай гарам юм. Нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын гарамаар нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо,  өнөөдрийн байдлаар, дээд нормоос 8-10 дахин их байгаа бөгөөд жил ирэх бүр өшөө нэмэгдэж байна.

2019 оны эхний хоёр сарын байдлаар, улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 11 479 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 4265 ослыг шалгаж шийдвэрлэсэн. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн 221 ослын улмаас 56 хүний амь нас хохирч, 165 хүн бэртжээ. Бүртгэгдсэн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, 21.9 хувиар буурсан байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7.3 хувиар нэмэгджээ. Зам тээврийн ослоор амь насаа алдсан 56 хүний 43 нь орон нутагт осолджээ.


-Талбайн зүүн талын уулзвар дээр зарим чиглэлд эргэхгүй байхаар өөрчилсөн.  Үүнийг тайлбарлана уу? 

-Хөдөлгөөний зохион байгуулалтыг бид судалгаа шинжилгээний үндэслэлтэй хийж байгаа. Улаанбаатар хотын 800 км асьфалтан замын түгжрэл жолооч бүрт хамаатай. Учир нь нэг жолооч зам дээр хэдхэн минут зогсоход л нийслэлийн зам тэр чигтээ түгжрэх нөхцөл үүссэн. Ойрын үед замын ачаалал хэт их болсон тул, түр зуурын зохицуулалт хийсэн юм.


-Цагдаагийн жолооч ноцтой осол гаргасан. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Саяхан манай ЦЕГ-ын дэд дарга, НЦГ-ын даргын жолооч зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон. Хэргийн материалыг бүрдүүлээд  Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна. 


- Мотоциклын ослоор маш олон хүн нас барж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Зарим нэг тоо хэлье. Ноднин, 55 926 мотоцикл бүртгэгдсэний 86.4 хувь нь орон нутагт байгаа. Мотоциклийн ослоор ноднин 116 хүний амь нас хохирч, 265 хүн бэртсэн. Ослоор амь насаа алдсан хүмүүсийн ¼ нь мотоциклтой осолдсон байдаг. Бид хамгаалах хэрэгсэл хэрэглэх зөвлөмжийг орон нутгийн цагдаагийн хэлтсээр дамжуулан өгч ажиллаж байна. Түүнчлэн орон нутгийн замын цагдаа нар мотоциклтой айл өрхүүдээр явж техникийн ерөнхий шаардлагыг хянаж, жолооны үнэмлэхийг нь шалгаж байна.

Холбоотой мэдээ