Мюллер хуйвалдааныг нотлох баримт олсонгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-25 11:28:34

МОСКВА. /RIA Novostu/. "АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон" гэх хэргийг шалгасан тусгай прокурор Мюллер 2016 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний баг ОХУ-тай хуйвалдсан эсвэл үйл ажиллагаагаа зохицуулсныг нотлох баримт олоогүй байна. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ.


Мюллер мөн Ардчилсан намын гишүүдийн компьютерыг хакердсан хэрэгт Трампын сонгуулийн штаб холбоогүй гэдэг дүгнэлтийг хийжээ. Энэ хэргийн хариуцлагыг тусгай прокурор “ОХУ-ын эрх баригчдын хяналтад байдаг хакеруудад хүлээлгэсэн байна”. Үүний сацуу, Мюллер ОХУ сонгуульд нөлөөлөхийг оролдсон хоёр арга замыг олж тогтоожээ. Тэрбээр “Оросын хэргийн” талаарх тайландаа Трамп гэмт хэрэг үйлдсэн гэдэг дүгнэлтийг хийгээгүй боловч түүнийг зөвтгөөгүй байна. 


Хууль зөрчихгүй гэдгийг магадлан тодруулсны дараа АНУ-ын Хууль зүйн яам Мюллерийн тайлангаас шинэ мэдээллийг нийтлэх эсэхийг шийднэ.


ОХУ-ын эрх баригчид Мюллерийн мөрдөн шалгах ажлын тайлантай одоогоор танилцаагүй байна гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.


“АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон” гэх хэргийг шалгах ажил хоёр жил гаруй үргэлжилжээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, Мюллер ОХУ-ыг буруутгах шинэ нотлох баримт олсон эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.  




Холбоотой мэдээ