АНУ-ын хөлөг онгоцууд Тайванийн хоолойгоор гарсан гэх мэдээллийг нотолжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-03-25 16:10:30

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ хоёр хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарсан гэх мэдээллийг Тайванийн Батлан хамгаалах яам даваа гарагт нотлов.


“Ням гарагт Америкийн цэргийн хөлөг онгоц болон эргүүлийн хөнгөн онгоц хойд чиглэлд Тайванийн хоолойгоор гарсан” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна. Хоолойгоор гарах үед бүс нутгийн аюулгүй байдлыг алдагдуулах онцгой нөхцөл байдал үүсээгүй гэдгийг Тайванийн эрх баригчид цохон тэмдэглэжээ.


Хөлөг онгоцууд нь эх газрын Хятад болон Тайвань арлыг заагладаг Тайванийн хоолойгоор гарсан гэж АНУ-ын Номхон далайн флот урьд нь мэдээлжээ. Энэ бол “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгох АНУ-ын амлалтын илэрхийлэл юм” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.


АНУ-ын ТЦХ-ий цэргийн хөлөг онгоцууд он гарснаас хойш гурван удаа ийм ажиллагаа явуулсан байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, Америкийн зүгээс хийж буй иймэрхүү алхам нь Вашингтон болон Бээжингийн харилцаан дахь түгшүүртэй байдлыг даамжруулах эрсдэл үүсгэнэ.


Тайвань бол улсынх нь салшгүй нэг хэсэг гэж Хятадын эрх баригчид үздэг бөгөөд бүс нутаг дахь Америкийн аливаа цэргийн оролцоог маш болгоомжлон хүлээж авдаг билээ. 


Холбоотой мэдээ