“Apple” компани шинэ үйлчилгээнүүдээ танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-26 11:46:16

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Америкийн “Apple” компани шинэ үйлчилгээнүүдээ даваа гарагт танилцууллаа. Танилцуулах арга хэмжээ тус улсын Калифорни муж улсын Купертино хот дахь Стив Жобсын Театрт /Steve Jobs Theater/ болжээ.


Apple News +

“Apple” компанийн хөгжүүлэгчид мэдээ, мэдээллийн “Apple News” үйлчилгээгээ шинэчилсэн байна. Одоо уг программыг “Apple News+” гэж нэрлэх болжээ. Энэ үйлчилгээ нь төрөл бүрийн сэтгүүлүүдэд хандах боломжийг олгоно. “Apple News+” үйлчилгээгээр хэрэглэгчид гурван зуу гаруй эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой бөгөөд цахим захиалгын сарын хураамж нь 9.99 ам.доллар байх аж.


Apple Card

Купертинод танилцуулсан шинэ үйлчилгээнүүдийн нэг бол “Apple”-ийн төхөөрөмжүүдтэй холбоо бүхий тусдаа виртуал карт болох “Apple Card” юм. Энэ программ нь “Apple pay” төлбөрийн системийн зарчмаар худалдан авалт хийх, зарлагаа төлөвлөх боломжийг танд олгоно. “Apple Card”-ын мөн бодит хувилбарыг гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ санхүүгийн энэ хэрэгслийг зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт ашиглах боломжтой байна.


Apple Arcade

“Apple” компанийн хөгжүүлэгчид мөн “Apple Arcade” гар утасны тоглоомын үйлчилгээг танилцуулжээ. Уг программд хэдэн зуу гаруй тоглоом татаж нэг дор байрлуулах боломжтой бөгөөд дээр дурдсан үйлчилгээнүүдийн адил цахим захиалга хийх боломжтой юм. “Apple Arcade”-ыг энэ намар дэлхийн 150 гаруй орны хэрэглэгчид ашиглах боломжтой болно.  


Apple TV болон TV +

Үүнээс гадна, “Apple” компани “Apple TV” программынхаа шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Уг программаар өөр бусад стримингийн үйлчилгээ болон “HBO”, “Starz”, “Showtime” зэрэг телевизийн сувгуудын цувралууд, спортын болон кабелын телевизүүдийн нэвтрүүлгүүдийг үзэж болно.


Хэвлэлүүдэд онцолж буйгаар, “Apple TV” нь АНУ-ын видео контентод чиглэсэн гол үйлчилгээ болох "Netflix"-ийн өрсөлдөгч болж чадна. Уг программ нь хэрэглэгчдийн өмнө нь үзэж байсан кинонуудад үндэслэн кино сонголтод бие даан зөвлөгөө өгдөг байна. Одоогийн байдлаар энэ үйлчилгээг арван орны хэрэглэгчид ашиглаж байгаа боловч “Apple” компани өөр 19 оронд гаргахаар төлөвлөж байгаа аж.


Видео контентод чиглэсэн шинэ үйлчилгээ болох "Apple TV+"-ээр зарим жүжигчин, найруулагчдын уг үйлчилгээнд тусгайлан зориулж бэлтгэх шоу, цувралуудыг үзэх боломжтой байна. 


Холбоотой мэдээ