“Business League” тэмцээний медальтнуудаар банкныхан тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-21 15:58:02

МҮХАҮТ хоёр дахь жилдээ “Business League” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулав.

Гурван долоо хоног үргэлжилсэн уг тэмцээнд “Магнай трейд”, Төрийн банк, Номин Холдинг, АПУ, Монкон Констракшн, MCS Coca Cola, Миг даатгал зэрэг 20 компанийн 250 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд өчигдөр “Мөнхийн үсэг” ХХК-ийн “Мөнх” спорт цогцолборт болжээ. Хоёр дахь удаагийн “Business League”-ийн аваргаар Б.Баатар дасгалжуулагчтай Голомт банк баг шалгарсан бол Д.Пүрэвдорж дасгалжуулагчтай, М.Отгонмөнх ахлагчтай ХАС банк баг дэд байрт орсон. Харин хүрэл медалийг Г.Номин ахлагчтай Төрийн банкны баг хүртлээ.

Аваргын цомыг өргөсөн Голомт банкны багт спортын мастер Б.Энхдөлгөөн, Г.Анар, Г.Нямбаяр нарын шилдгүүд багтсан. Тэд шигшээ тоглолтод лигийн тоглогч ОУХМ М.Отгонмөнх нарын Хасчуудыг нэмэлт цагт 51:46 гэсэн оноогоор хожсон юм. Мөн хүрэл медалийн төлөөх тоглолт сонирхолтой өрнөсөн.

Тоглолтыг эхнээс тэргүүлж явсан “Транс Бест” багийн залуус ОУХМ Т.Санчир тэргүүтэй залууст эцсийн мөчид дийлдсэн. Ийнхүү хоёр дахь удаагаа болсон “Business League”-т банкны багууд медальт байрт шалгарлаа.

МҮХАҮТ-ын нэрэмжит шагналыг Скайтел багийн тоглогч М.Оюунбаатарт гардуулсан. Мөн шилдэг тоглогчоор Голомт банкны багийн тоглогч Тэгшжаргал тодорсон бөгөөд түүнийг Samsung Galaxy Note5 утсаар шагналаа.

"Ирээдүйг өнгөлнө" уриатай “Business League” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Скайтел групп ажиллалаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ