Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хуулийн төсөл Үндсэн хуулийн цэцэд очно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-27 14:32:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар хэлэлцэж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийв.


Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төсөлд шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байхаар тусгасан юм.


Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Сүүлийн үед шүүхийн байгууллагын нэр хүндийг унагаж байна. Монгол Улс шүүхгүй байснаас ХЗДХ-ийн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. Авлигын индекс 120 дугаар байрт жагсаж байсан Монгол Улсыг 2016 онд хуульд өөрчлөлт оруулан, шинэчлэл хийсний хүчинд 50 байраар урагшлуулсан. 16 хувьтай байсан шүүхийн байгууллагын нэр хүндийг 64 хувь болгож өсгөж байсан удаа бий. Энэ бүхнийг цаашид тогтвортой хадгалах ёстой байсан. Өнөөдөр хууль, шүүхийн байгууллагыг хамгаалах нам, үйлдвэрчний эвлэл байхгүй. Монголын хууль, шүүхийн байгууллага нь авлигын хэрэг хийсэн хүмүүстэй хариуцлага тооцсоны дараа тэдгээр хүмүүс нь эргээд хуулийн институтыг татан унагадаг жишиг тогтож байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн хуулийн төсөл Үндсэн хуулийн цэцэд очно. Өнөөдөр ярьж буй С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал бол улс төрчдийн улс төрийн амьдралаа уртасгах гэсэн алхам. Миний ажлын байрыг нэгжиж, 10 гаруй зураг авч явсан. Би нэг ч зураг хулгайлсан удаагүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан гэх Ц.Пүрэвтүвшинг миний хамаатан мэтээр ярьсан. Би түүнийг танихгүй” хэмээв.

Холбоотой мэдээ