Хятад улс импортын барааны татварыг багасгана

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-03-27 18:40:44


Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс ирэх 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн импортын бараа бүтээгдэхүүний татварыг багасгахаар болсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, гадаадаас бараа импортлогч компаниудын төлж буй татварын орлогыг бүтэн жилийн байдлаар 225 тэрбум юаниар багасах тооцоолол гарчээ. Ийнхүү татварыг бууруулснаар зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа талаар тус улсын ГЕГ-ын Татварын хэлтсийн холбогдох ажилтан ярилаа.

Өнгөрсөн оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн Хятад улс импортын бараанд ноогдуулдаг 17, 11 хувийн татварыг тус бүр нэг хувиар бууруулж 16 болон 10 хувьд болгоод байсан юм.

Харин энэ жилийн татвар бууруулах бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр 16 хувийн татвартай бараа бүтээгдэхүүний татвар 13 хувь болж, 10 хувийн татвартай бараа бүтээгдэхүүний татвар 9 хувь болж, багасаж байгаа юм.  

Өнгөрсөн оноос эхлэн Хятад улс импортыг нэмэгдүүлэх зорилгоор татварыг багасгах, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулж хугацааг богиносгох, Олон улсын импортын үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр олон тооны бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Үүний үр дүнд 2018 оны импортын нийт өртөг 2 их наяд юаниас давж түүхэн амжилт болсон байдаг.  А.Анхбаяр

Холбоотой мэдээ