ЕХ нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-03-28 12:30:30

БРЮССЕЛЬ. /The Guardian/. Далай тэнгис болон далайн эргүүдийг бохирдуулагч гол хүчин зүйл болох хуванцар бүтээгдэхүүнийг хориглох хуулийн хүрээнд нэг удаагийн хэрэглээний хуванцар гал тогооны хэрэгсэл, чих цэвэрлэх хөвөн, соруул, шингэн хутгагч зэрэг бүтээгдэхүүнийг хориглох талаар Европын парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулжээ.


Энэхүү санал хураалт нь Европын Холбооны /ЕХ/ бүх гишүүн оронд 2021 оноос хэрэгжиж эхлэх нэг удаагийн хуванцар эдлэлийн хоригийн нэгээхэн хэсэг юм. Их Британийн хувьд ЕХ-той шинэ зохицуулалт бий болгох хүртэл тус холбооноос гарах хугацаа хойшлоод байгаа тул энэхүү дүрэм журмыг дагаж мөрдөх шаардлагатай ажээ.


Хуванцар бүтээгдэхүүний хаягдлыг бууруулахад хэн хамгийн их хүчин чармайлт гаргаж байгаа талаар Европын Комисстой маргаж байсан Их Британийн Байгаль орчны сайд Майкл Гоув ч мөн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглох шийдвэрийг дэмжиж байгаа аж.


Далайн эргүүдэд хамгийн түгээмэл үзэгддэг полистирол аяга болон маш жижиг хэсгүүдэд задран бутардаг оксиджуулсан хуванцараар хийсэн бүтээгдэхүүнийг шууд хориглохоор төлөвлөж байна.


Цаашид ЕХ-ны гишүүн орнууд хүнсний хуванцар савнууд болон халуун уух юмны хуванцар тагны хэрэглээг бууруулах арга хэмжээнүүдийг танилцуулах шаардлагатай болж байна. 2025 он гэхэд ундааны хуванцар савнуудын найрлагын 25 хувийг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэх, цаашлан 2029 он гэхэд 90 хувьд хүргэх ажээ.


Үүний зэрэгцээ ус зайлуулах хоолойг бөглөрүүлдэг нойтон салфетикийн хэрэглээг мөн бууруулахаар төлөвлөж байгаа юм. Нойтон салфетик, ариун цэврийн хэрэглэл, тамхины иш зэрэг бүтээгдэхүүн хуванцрын найрлагатай тохиолдолд үүнийг нь мэдээлсэн шошго нэвтрүүлэх хэрэгтэй аж. Савлагаан дээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн хэрэглэгчдэд анхааруулснаар сонголт хийх боломжийг тэдэнд олгох юм.  


“Бохирдуулагч нар өөрсдөө төлөх” зарчмыг загасны тор үйлдвэрлэгчдэд нэвтрүүлэх ажээ. Ингэснээр загасчид бус уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компаниуд далайд алдагдсан загасны торны учруулах хохирлын зардлыг төлөх шаардлагатай болно гэсэн үг юм.


ЕХ-ны сайд нартай тохиролцсон сүүлийн хэлэлцээрийг Страсбург хотод болсон хуралдааны үеэр Европын парламентын 560 гишүүн дэмжсэн бол 35 гишүүн эсэргүүцэж, 28 гишүүн түдгэлзүүлжээ. Одоо уг хэлэлцээрийг ЕХ-ны дүрэмд оруулахад дүрэм журмын хэлбэрт шилжүүлэх л үлдсэн байна. ЕХ-ны дүрэмд оруулсны дараа тус холбооны гишүүн орнууд уг баримт бичгийг хэрэгжүүлэх хоёр жилийн хугацаа эхлэх ажээ.


Европчууд жил тутам 25 сая тонн хуванцар хаягдал бий болгодог боловч үүний дөнгөж 30 орчим хувийг цуглуулж, дахин боловсруулдаг байна. Үүнээс гадна, далай дахь хог хаягдлын 80 гаруй хувийг хуванцар эдлэл эзэлж байна. 

Холбоотой мэдээ