Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зөв төлөвлөхөд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-30 21:40:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайдын 228 дугаар тушаалаар орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор ОНХС-гийн хөрөнгийг багийн түвшинд хэрхэн зөв төлөвлөх, тэргүүлэх ач холбогдлоор нь хэрхэн эрэмбэлэх талаар холбогдох хүмүүс суралцаж байна. Сургалтын хоёрдугаар ээлжинд гурван сумын 30 хүн хамарч байна.

Сангийн яам, "Тогтвортой амьжиргаа-3" төсөл, Удирдлагын академи хамтран орон даяар зохион байгуулж байгаа "Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь" сэдэвт сургалт ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Сургалтад тус аймгийн 13 сумын ОНХС-гийн ажлын хэсгийн гишүүн, багийн Засаг дарга, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар гээд нийт 120 хүн хамрах ёстой. Тиймээс сумдыг бүсчилж, сургалтыг явуулж байгаа аж.

Багийн Засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга нар сангийн төлөвлөлтийг хэрхэн хийх, иргэдийн саналыг хэрхэн эрэмбэлэх, буцаагаад иргэддээ хэрхэн мэдээллээ хийх талаар суралцаж байна. Оролцогчдын саналыг сонсоход ОНХС-гийн хөрөнгө ихэвчлэн сумын төвд ажил, үйлчилгээ хийхэд зарцуулагддаг. Нөгөө талаар иргэдийн саналыг тусгадаггүй, саналыг нь авсан ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл шууд сумын Засаг дарга нарын мэдлээр зарцуулагддаг гэсэн нийтлэг дутагдал байгаа талаар яригдаж байна. Тэгэхээр ОНХС-гийн журам шинэчлэгдсэнээр энэ бүх асуудал үгүй болж байгаа юм. Томоохон өөрчлөлтөөс дурдвал өмнөх жилүүдэд ОНХС-гийн хөрөнгө сумын төвд зарцуулагддаг байсан бол энэ жилээс алслагдсан хөдөөгийн багт иргэдийн саналд үндэслэн заавал нэг ажил хийх тухай тусгасан. Мөн иргэдийн саналыг эрэмбэлэхдээ хамгийн их санал авсан бус, тухайн санал өгсөн хүмүүст сонгуулийн насны иргэн хэд байна вэ гэдгийг харгалзан үздэг болсон үүгээрээ давуу талтай гэж төслийн Сүхбаатар аймаг дахь зохицуулагч С.Буянбадрах хэллээ.

Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр сангийн яамнаас хэрэгжүүлдэг “Тогтвортой амьжиргаа” төсөл нь Сүхбаатар аймагт 2002 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байна. 

Төслийн хүрээнд нэг суманд дээд тал нь 180 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгодог. Тэгвэл энэ онд санхүүжилтээс гадна гүйцэтгэлд суурилсан урамшууллыг хангалттай сайн ажилласан сумдад нийт 210,2 сая төгрөгийг олгохоор болжээ. Энэхүү болзлыг тус аймгийн 12 сум хангасан байна. Мөн төсвийн ерөнхий дэмжлэг болгож бүх суманд нийт 409 сая төгрөгийг олгохоор болжээ. Ингэхээр энэ онд зөвхөн ОНХС-гийн санхүүжилтээс гадна 619,2 са төгрөг тус аймагт олгогдох аж.

Холбоотой мэдээ