"Нэг хором" уураа тэвчихийн ач тусыг 4000 хүүхдэд таниулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-29 19:49:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр насны 4000 гаруй хүүхдийн дунд “Ухаалаг залуус амьдрал аварна” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй "Нэг хором" аяны хүрээнд Улаанбаатар паласд энэхүү хэлэлцүүлэг болсон юм.



Салбар бүрийн нэр хүндтэй эрхмүүдээс зөв хандлага, зөв амьдрах ухаан, харилцааны соёл, хуулийн хариуцлага, сэтгэл зүйн талаар өсвөр үеийнхэн лекц сонсов. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас "Залуучууд аа ганц хормын уур бухимдлаа "Уучлаарай" гэдэг үгээр сольё" хэмээх уриалга дэвшүүлсэн юм.


Хэлэлцүүлэгт хамрагдсан хүүхдүүд өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах, хүлээцтэй байж найрсаг харилцаж, “Нэг хором” тэвчих нь ямар үр нөлөөтэйг ойлгож авлаа хэмээж байв.



ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг, "Судалгаагаар хүний эрүүл мэндэд халдах нь нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байна. Хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэгт хүүхэд залуус ихээр холбогдож, ял шийтгэгдэж байна. Тэдгээрийн 12 хувь нь хүнд гэмт хэрэг байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээд хэн нэгэнд өш хонзонгүй, санаатай хэрэг үйлдээгүй байдаг. Хоорондоо маргаснаас тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлэлгүй хүний биед хөнгөн, хүнд гэмтэл учруулдаг байна. "Нэг хором" аянаар дамжуулан дээрх төрлийн гэмт хэргийн гэм хорыг таниулах, уур бухимдлаа барих, хүнтэй эвтэй харьцах, хандлагаа өөрчлөхийг өсвөр үеийнхэнд ойлгуулахыг зорьж байна" гэв.


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс энэ сарын 1-31 хүртэл өрнүүлж буй тус аяныг Монголын Боксын холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, "JCI Mongolia", БСШУСЯ, их дээд сургуулиуд дэмжиж байгаа юм. 



Хүний эрүүл мэндэд халдах гэмт хэргийг энгийнээр хэлбэл, зодолдох, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл юм. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн талаарх ухуулга, ойлголтыг иргэдэд эрчимтэй хүргэснээр энэ төрлийн гэмт хэргийн тоо буурсан бол, зодолдох, танхайрах гэмт хэрэг жилд 6-8 хувиар өссөөр байгаа аж. Судалгаанаас үзэхэд, хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг гуравдугаар сард ихээр гардаг байна. Иймд эл төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль, эрх зүйн мэдээллийг энэ сард олон нийтийн хэрэгслээр сурталчлахаар тус хэлтэс төлөвлөжээ.



Хүний эрүүл мэндэд халдах гэмт хэргийн 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээ, шөнийн цэнгээний газар гардаг. Үүний нэлээд хувийг архидан согтуурсны улмаас үйлдсэн байдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг 22.00-06.00 цагийн хооронд хамгийн их гардаг байна.

Холбоотой мэдээ