"Даланбулаг" хүнсний үйлдвэр шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-01 15:18:00

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсад Хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн үйл ажиллагаанд Өмнөговь аймгаас 30 гаруй хүнс үйлдвэрлэгчид оролцлоо.

Тэд улсын чанартай хүнсний үйлдвэрүүдтэй танилцан туршлага судалсан байна. Энэ үеэр тус аймгаас УИХ-д сонгогдсон Н.Амарзаяа, Л.Энхболд нартай уулзан Өмнөговь аймагт хүнсний үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцон зарим зүйл дээр бодит дэмжлэг авахаар болсон байна.

Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн "Даланбулаг" үйлдвэр "Орон нутгийн хүнсний манлай үйлдвэр" болсон байна. "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн "Даланбулаг" хүнсний үйлдвэр нь хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Тус хамт олон энэхүү шагналыг аймагтаа анх удаа авч ирж байгаагаараа онцлог юм. 2008 онд үйл ажиллагаагаа цэвэр усны чиглэлээр эхлүүлсэн бөгөөд өдгөө тэмээний чөмөгний тос, хөмүүлийн сорс, хөмүүлийн дарш, хөмүүлийн цуу, бууз, хуушуур, цэвэр ус зэргийг үйлдвэрлэн уул уурхайн компаниуд болон нутгийн иргэддээ хүргэж байна. Тус хамт олон говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн олны танил болгох улмаар гадаадад гаргах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа аж. Мөн зарим бүтээгдэхүүндээ эрдэм шинжилгээний судалгааны ажил хийлгэж байгаа гэж тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Энхтүвшин хэлсэн юм.


Холбоотой мэдээ