Майкл Клечески: Монгол, АНУ-ын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх санаачилгыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-01 16:50:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.


Монгол Улс АНУ-ыг гуравдагч итгэлт хөршөө гэж үздэг бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэхэд эхнээс нь ямагт дэмжин тусалж ирсэнд нь талархаж байдгаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлэв.


Түүнчлэн 2018 он хоёр улсын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг дурдаад, хоёр талын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн, Мянганы сорилтын сангийн хоёр дахь Компакт гэрээний хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсанд баяртай байгааг дурдлаа.


Элчин сайд Майкл Клечески Монгол, Америкийн харилцааг Вашингтонд өндрөөр үнэлж, ач холбогдол өгч байдгийг дурдаад, энэхүү харилцаагаа улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх зорилтуудыг дэмжиж ажиллахад бэлэн байна гэлээ. Тэрбээр УИХ-аар саяхан баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар сонирхсон юм.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай иргэд шүүх засаглалаа нэлээд шүүмжилж байгаа. Тэнд хүний эрхийг зөрчих, шударга, ёс зүйтэй ажиллах зарчмаа хөсөрдүүлэх, иргэдэд биш албан тушаалтанд үйлчлэх асуудал байгаа нь баримтаар нотлогдож байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг тогтоох нь бидний үндсэн зорилт юм. Тиймээс шүүх, хуулийн байгууллагын зарим албан тушаалтны Монгол Улсын хууль, бидний нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох ёстой. Авлигад идэгдэж, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг алдагдуулж байгаа шүүх, АТГ, прокурор зэрэг байгууллагын зарим албан тушаалтны үйл ажиллагаа Монголын ардчилалд ноцтой заналхийлэл учруулж байна. Бие биеэ хянаж байх ёстой хуулийн байгууллагууд өөрсдийгөө хамгаалагч, хууль бус үйлдлээ хаацайлагч болж хувирсан. Энэ буруу тогтолцоог өөрчлөх ажлыг хийж байгаа юм. Цаашид бие даасан, хараат бус, нээлттэй, шударга шүүх засаглалтай болохыг зорьж байна” гэв.


Уулзалтын үеэр, Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх, төрийн албанд шинэтгэл хийх, шинээр мөрдөгдөж эхэлж байгаа Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх асуудлыг хөндлөө. Үүнд АНУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр туслалцаа үзүүлж буйд УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв. Мөн Зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэхэд Азийн сан дэмжлэг үзүүлж байгааг дурдаад, 2017 онд явуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх Зөвлөлдөх санал асуулга амжилттай болсныг тэмдэглэлээ. Тэрбээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төсөл энэ үйл ажиллагаанд чухал үр нөлөөтэй байгааг онцолсон юм.


Түүнчлэн төрийн албаны тогтвортой байдлыг хангах, улс төрийн нөлөөнөөс ангид, мэдлэг чадварт суурилсан, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлж, хууль баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулав.


Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Удахгүй эхлэх ээлжит чуулганаар энэ асуудыг ярихаар төлөвлөж байна. Өөрчлөх ёстой гэдэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн дийлэнх олонх санал нэгдэж байгаа. Гэхдээ чухам юуг, яаж өөрчлөх вэ гэдэгт маш нухацтай хандах ёстой” гээд, Засгийн газар тогтворгүй, засаглалын институцүүдийн харилцан хяналт тэнцэл зохистой биш байгааг өөрчлөх ёстой гэж үзэж байгаагаа тайлбарласан юм.


УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын ноос ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх хуулийг дэмжиж ажиллахыг Элчин сайдаас хүссэн бөгөөд Элчин сайд Майкл Клечески “Конгресс ямар шийдвэр гаргахыг одоогоор тааж мэдэхгүй ч Элчин сайдын хувиар Монгол Улстай тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх аливаа санаачилгыг дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийллээ. 


Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурал,  АНУ-ын Конгресс болон Сенат хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж, туршлага солилцох, парламент дахь бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх нь чухал гэдэгт санал нэг байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Майкл Клечески нар илэрхийлэв.

Холбоотой мэдээ